Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хотын цахилгааны хэрэглээ сүүлийн таван жилд дунджаар 6-8 хувийн өсөлттэй байна. Хотын хэрэглэгчдийг хангаж буй дамжуулах, түгээх нийт шугамын 31 хувь буюу 815 дэд станц, цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын 26 хувь буюу 3488 км урт шугамын ашиглалтын хугацаа дуусаж, нэн яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Үүнээс болж 2020 онд 285 удаа цахилгаан тасарч, 306 мянган хэрэглэгчийн цахилгаан хангамж нэг цаг түүнээс дээш хугацаагаар доголдсон. Өнөөдрийн байдлаар долоон дүүргийн гэр хорооллын 13681 өрх стандартын шаардлагад хангасан цахилгаан, эрчим хүчинд холбогдоогүй байна” гэлээ.
Мөн хотын дулаан дамжуулах нийт 379.5 км урт шугамын 24 хувь нь буюу 31.2 км урт шугамын ашиглалтын хугацаа дуусаж, хуучирсан нь Улаанбаатар хотын хэрэглэгчдийг дулаанаар хангахад эрсдэл үүсгэж байгааг онцоллоо. Мөн тавдугаар цахилгаан станцыг ДЦС-3-ыг түшиглэн байгуулахаар болсноо энэ үеэр мэдэгдсэн.