Монгол Улсын Засгийн газрын “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2021 оны 141, БШУ-ны сайдын 2021 оны “Давтлага зохион байгуулах заавар батлах тухай” А/171 дүгээр тушаал батлагдан гарсан. Энэ тушаалын дагуу 12 дугаар ангийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д бэлтгэх давтлага хичээл энэ сарын 17-ны өдрөөс эхэлсэн юм. Баянгол дүүргийн хэмжээнд энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэлээс тодрууллаа.
– ЭЕШ-д бэлтгэх давтлага хичээл эхэлсэнтэй холбоотойгоор дүүргийн хэмжээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
– 12 дугаар ангийн сурагчдыг танхимаар давтлага хичээл эхлүүлэх болсонтой холбогдуулан дүүргийн Засаг даргын захирамжаар ерөнхий боловсролын сургуулиуд дээр дархлаажуулалтын цэгээр ажиллаж байсан 14 цэгт явц дундын мэргэжлийн байгууллага ариутгал, халдваргүйтгэлийг хийсэн. Тодруулбал, коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгийг буулгаснаар нийт 24000 мкв талбайд мэргэжлийн компаниар ариутгалын ажил хийлгэж, давтлага хичээл эхлүүлэхэд бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа.
– Дүүргийн хэмжээнд хэдэн ерөнхий боловсролын сургуулийг хэчнээн хүүхэд төгсөх вэ?
– Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн 36 сургуулийн 2546 сурагч 12 дугаар анги төгсөж, ЭЕШ-ыг өгнө. Үүнээс өчигдрийн байдлаар1987 сурагч эцэг эхийн зөвшөөрөл, хүсэлтийн дагуу танхимаар, ЭЕШ-д бэлтгэх давтлага хичээлд хамрагдаж байна. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. Нийслэлийн Боловсролын газар болон дүүргийн Боловсролын хэлтсийн хамтарсан долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд давтлага хичээл явагдах нэг сарын туршид явц, үр дүнд хяналт тавин ажиллах юм.
– ЭЕШ өгөх сурагчдыг дархлаажуулалтад хамруулах чиглэлийг өгсөн. Дүүргийн хэмжээнд энэ ажлын явц ямар байна вэ?
– Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар холбогдох үүрэг даалгаврыг мэргэжлийн байгууллагуудад өгсөн. Тодруулбал, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг зохион байгуулахдаа сургуулийн зүгээс хариуцлагыг нэмэгдүүлж анги танхим, хүний нөөцийн болон орчны бэлэн байдлыг сайтар хангах үүрэг өгсөн. Мөн ЭМЯ, МХЕГ-аас өгсөн заавар зөвлөмжийг мөрдлөг болгон халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдалд, тогтоосон дэг журмыг баримтлан ажиллах, ЭЕШ өгөх 2546 сурагчийн дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамруулах үүрэг чиглэлийг өгсөн.
Дүүргийн Онцгой комиссийн хурлаар тавдугаар сарын 19, 20-ны өдөр дархлаажуулалтын долоон цэг дээр төрийн болон төрийн бус өмчийн 36 сургуулийн нийт 2 тунд хамрагдаагүй байгаа ЭЕШ өгөх 1350 хүүхдийг хамруулж дуусгахаар хуваарийг гарган сургуулиудад хүргүүлээд байна. Өнөөдрийн байдлаар ЭЕШ өгөх 2546 сурагчаас 1180 сурагчид дархлаажуулалтын эхний, 372 сурагч давтан тунд хамрагдаад байна.
– Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирус цар тахал гарснаас болж хүүхдүүдийн сурлага муудлаа, цахим хичээлийн үр дүн хангалтгүй байна. Төгсөх ангийн хүүхдүүд хохирч байна гэсэн гомдлыг эцэг эхчүүд гаргадаг. Хүүхдүүдийн сургалтын чанарыг сайжруулах ажлын хүрээнд танай хэлтсээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
– Боловсролын хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЭЕШ-д бэлтгэх, теле болон цахим хичээлийн чанар үр дүнг сайжруулан ажиллах ажлын төлөвлөгөөг 14 чиглэлээр гарган ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ЭЕШ-ын статистик мэдээлэл, дүн оноонд сүүлийн гурван жилээр харьцуулсан анализ хийж үзэхэд нийт 10 судлагдахууны 9 хичээл дээр -6,2-оос -72,2 онооны бууралттай байгаа. Дүүргийн элсэлтийн шалгалтын дундаж оноо 2018 онд 526,1, 2019 онд 524,9, 2020 онд 515,6 болсон. Өнгөрсөн жилээс 9,3 оноогоор буурсан бөгөөд 10 судлагдахуунаас Монгол Улсын түүхийн хичээл 6 оноогоор ахисан байна. Гурван жилийн харьцуулалтад үндэслэн судлагдахуун тус бүрээр сурагчдын сурлагын амжилт ахиулах зорилгоор дараах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, ажиллаж байна. Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газраас суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах ЭЕШ-ын бэлтгэлийг эрчимжүүлэх сургууль багш нарын харилцан туршлагаа хуваалцаж хамтарч ажиллах зорилгоор “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарласан. Удирдамжийг нь төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад хүргүүлсэн бөгөөд дүүргийн хэмжээнд 800 оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшийг тус бүр 1,000,000 төгрөгөөр урамшуулах юм.
Ташрамд мэдээлэхэд: Баянгол дүүргийн Боловсролын хэлтсээс сүүлийн гурван жилийн харьцуулалтад үндэслэн судлагдахуун тус бүрээр сурагчдын сурлагын амжилт ахиулах зорилгоор дараах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллаж байгаа аж.
Үүнд:
- Монгол хэлний судлагдахууны Зөвлөлдөх баг багш нарыг онлайн сургалтад 7 хоног бүр хамруулан сургуулиудын ЗАН-ийн тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах ажлыг зохион байгуулж байна.
- Гадаад хэлний зөвлөлдөх баг дүүргийн хэмжээнд багш нарт сургалт зохион байгуулж ЭЕШ өгөх сурагчдаас 7 хоног бүр сорил авч, дүн шинжилгээ хийн танилцуулж сурлагын чанарыг ахиулах чиглэлээр ажиллаж байна.
- Математикийн зөвлөлдөх баг дүүргийн залуу багш нарт ЭЕШ-д хэрхэн амжилттай бэлтгэх талаар сургалт зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан сорилгын дүнд үндэслэн давтлага зохион байгуулж байна.
- Цахим Баянгол хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн 2400 сурагч 73 дижитал ангид хуваагдан 73 багшаар хичээл заалгаж байна. ЭЕШ-ын давтлага хичээл 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу 10 судлагдахуун тус бүр 7 хоногт 2 удаа 60 минутаар хичээллэж байна. Судлагдахуун хариуцсан 10 сургалтын менежер болон цахим сургалт хариуцсан 10 багш, сургуулийн дунд ахлах ангийн сургалтын менежерүүд өдөр бүрийн сургалтын ирц үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 7 хоног бүрийн 4 өдөр цахим хурал уулзалт зохион байгуулж ажлын явц, нэмж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож байна.
- Суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах ЭЕШ-ын бэлтгэлийг эрчимжүүлэх сургууль багш нарын харилцан туршлагаа хуваалцаж хамтарч ажиллах зорилгоор “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг Засаг даргын Тамгын газраас зарлаж, удирдамжийг төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад хүргүүлсэн. Болзолт уралдаанд 800 оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшийг тус бүр 1,000,000 төгрөгөөр урамшуулна.
- Тус удирдамжийн дагуу Боловсролын хэлтсээс 10 судлагдахуун тус бүрээр төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын ЭЕШ-ийн сүүлийн 3 жилийн оноонд анализ хийж, сургуулиудыг арга зүйгээр ханган ажиллаж байна.