Ардчилсан нам (АН)-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт 4:11 уулзалт, хэвлэлийн хурал зохион байгуулдаг. Өнгөрсөн долоо хоногийн эл мэдээллийн цагийн үеэр иргэн Г.Ган-Очир оролцож, “Сонгуулийн санал хураах цахим машиныг хакерддаг хэргийг хохирогчгүй хэмээн хаасан” гэсэн мэдээлэл хийсэн билээ. Түүний яриад буй хэргийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.
АН-аас энэ сарын 20-нд зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр иргэн Г.Ган-Очир “Сонгуулийн саналын “хар машин”-ыг хакерддаг хэргийг прокуророос хохирогчгүй гээд хаасан” хэмээн мэдээлсэн. Мөн тус намынхан “Энэ бол хохирогчгүй хэрэг биш. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд санал өгсөн иргэд, нэр дэвшигчид хохирсон. Хохирогчтой хэрэг учраас дахин шалгах хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Хэргийг яагаад хохирогчгүй гэж хаасан юм бэ?
Энэ хэргийг прокуророос “хохирогчгүй” гэж хаасан гэсэн ташаа мэдээлэл гарсан. Ер нь хуульд хэргийг “хохирогчгүй” гэж хааж шийдвэрлэх үндэслэл байдаггүй. Харин гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, яллагдагч, шүүгдэгч нас барсан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан таван үндэслэлээр хааж, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг.
Тэгвэл ямар үндэслэлээр хэргийг хаасан юм бэ?
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд зааснаар иргэд нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг төрийн байгууллагаас авах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч эрүүгийн хэргийн талаар нийтэд мэдээлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэх, хэвлэлээр ил гаргах зэрэгт тодорхой хязгаарлалт тавьдаг. Тиймээс боломжтой хэмжээнд тайлбар өгье.
Хэргийг хаасан үндэслэлийг хэлэхээс өмнө чухам ямар асуудлыг шалгасан талаар товч тайлбар хэлэх нь зүйтэй байх. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сонгуулийн санал хураалтын автоматжуулсан системд нөлөөлж сонгуулийн дүнг өөрчилж гаргана гэж бусдаас мөнгө авсан байж болзошгүй” гэж нэр бүхий иргэдийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт гомдол, мэдээлэл гаргасан байдаг. Уг гомдол, мэдээллийн дагуу ТЕГ-аас шалгалт хийхэд тухайн иргэд “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй. Мөн энэ шалгалтаар сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хакердах боломжгүй гэдгийг тогтоосон. Иймд ТЕГ-аас “Бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэж үзсэн. Тиймээс тус газрын харьяалан шалгах асуудал биш учраас Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтэст шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгахад иргэд МАН болон АН-ын албан тушаалтнуудад “2020 оны орон нутгийн сонгуулийн дүнд серверийг хакердан нөлөөлж чадна” гэж худлаа ярьж их хэмжээний мөнгө шаардсан боловч ямар нэгэн хөрөнгө, мөнгө авч чадаагүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, бусдыг залилах үйлдэл хийсэн ч хэн нэгний эрх ашигт бодитой хохирол учруулаагүй учраас хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаах саналтай Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт ирүүлсэн. Тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хэргийг хянаад, мөрдөгчийн санал үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-4 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
Тэгэхээр “сонгуулийн санал тоолох машиныг хакердаж чадна” гэж залилсан хүмүүстэй уулзсан хоёр намын албан тушаалтнууд өөрсдөө төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан юм биш үү. Энэ талаар шалгасан уу?
Эдгээр намын албан тушаалтнуудын хувьд “Сонгуулийн санал тоолох машиныг хакердаж чадна” гэсэн хүмүүстэй аль нэг намын захиалгаар явж байж болзошгүй гэж үзэн, ямар намаас ийм зүйл сэдсэн бэ гэдгийг нь мэдэх, тандах зорилгоор уулзсан гэдгийг хэргийг шалгаад тогтоосон байна.
Иргэн Г.Ган-Очирыг хэргийн хохирогч, оролцогч биш учраас хавтаст хэрэгтэй танилцуулахгүй гэсэн юм уу?
Ийм мэдээлэл бас гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэргийн оролцогч гэдэг. Эдгээр хэргийн оролцогч л хэргийн материалтай танилцах эрхтэй. Иргэн Г.Ган-Очирын тухайд дээрх хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн учраас хэргийн материалтай танилцах боломжгүй.
Эх сурвалж: Өнөөдөр сонин 2021.05.24 №103 (7151) сэтгүүлч Г.Цолмон