Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан говийн аймгуудад албан томилолтоор ажиллахдаа Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутгаар орж, отроор яваа малчдын төлөөллүүдтэй уулзаж хүнс болон өвс тэжээлийн тусламжийг шийдэж, байгалийн гамшигт орон гэрээ алдсан малчдад гэр олгосон билээ.
Дундговь аймагт энэ хавар байгалийн гамшигт үзэгдэл удаа дараалан тохиолдож, нөхцөл байдал хүндэрч байгаа учраас отроор яваа малчдын амьжиргааг дэмжих, өвс тэжээлийн үнийг тогтворжуулах, гамшигт өртсөн иргэдийн хохирлыг шуурхай шийдэх тал дээр Засгийн газар байнга анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Шадар сайд энэ үеэр цөлжилтийг багасгах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр хаана хаанаа анхаарч ажиллахгүй бол байгалийн гамшигт үзэгдэл шороон шуурга цаашид ч их хэмжээний хохирол учруулах тухай ярьсан агуулгыг зориуд мушгин гуйвуулж, эзэнгүй хуурамч цахим хаягнаас “Шадар сайд С.Амарсайхан бэлчээрийг төлбөртэй болгож, малын тоог цөөрүүлж байж улс орон хөгжинө” гэж хэлсэн хэмээн олон нийтийн сүлжээнд түгээж байгаад харамсаж байна.
Байгалийн гамшигт өртөж зарим нь орох оронгүй болсон, олонх нь хоттой малаасаа салж, үхсэн малынхаа сэг зэмийг хэрхэн устгах сөхөөгүй шахам хаврын хавсарганд зүтгэж байгаа малчдын сэтгэлзүйд энэ бүхэн хамгийн хүндээр тусаж буйг бодолцож, дээрх гүтгэлэг, худал мэдээллийг дэврээж түгээхгүй байхыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.