Монгол улс НҮБ-д элссэний 60 жил болон НҮБ-ын Энхийг сахиулагчдын ѳдрийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан анхны эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргалыг Гадаад харилцааны яамны хүндэт “Жуух бичиг”-ээр шагналаа.
Хурандаа Н.Нямжаргал нь Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний төв штабт хүний нөөцийн штабын офицероор 2011-2012 онд үүрэг гүйцэтгэж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож явсан билээ.
Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу Монгол Улсын батлан хамгаалах гадаад таатай нөхцлийг бүрдүүлэх, цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буйг үнэлж ЗХЖШ-ын цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Нэргүйн Нямжаргалыг Гадаад харилцааны яамны “Жуух бичиг”-ээр шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гардуулан өгсөн юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох болон энхийг дэмжих ажиллагааны хоёр талын болон олон улсын төлөвлөлтүүдийг боловсруулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицеруудыг илгээх талаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Гадаад харилцааны яам болон холбогдох бусад байгууллагуудтай байнга хамтран ажиллаж ирсэн.