Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртээлээ.
Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гардуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж, салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан та бүхэндээ талархал илэрхийлье. Мөн “Эхийн алдар” одонгоо авсан нийт ээжүүддээ баяр хүргэе. Сүүлийн хоёр жилийн хугацаанд та бид цар тахалтай нүүр тулан амаргүй давааг давж, улс эх орныхоо эдийн засаг, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Иймээс улс, орныхоо эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхдээ халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна” гэдгийг онцоллоо.