“БИЛЭГТ ДӨЛГӨӨН” ХХК БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ 1900-1950, “НОЁН ПИЦЦА” ХХК, “МАСС” ТЕЛЕВИЗ, “МАСС.МН” МЭДЭЭЛЛИЙН сайт зэрэг харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, хүнс, нийтийн хоол үйлдвэрлэл зэрэг олон салбар чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “МАСС ЭЖЕНСИ” групп-ын шилдэг ажилчид хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж төрийн дээд одон, медаль хүртлээ.
Шагналын хур буусан билэгт өдөр хүнс, нийтийн хоолны салбартаа тэргүүлэгч, үндэсний брэнд “Ноён пицца” компанийн гүйцэтгэх захирал Х.Сүхээ Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон”-оор энгэрээ мялааж, олон жил хичээн зүтгэсэн хөдөлмөрөө төрдөө үнэлүүллээ.
Х.Сүхээ Налайх дүүргийн гал унтраах, аврах ангиас ажил, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж 30 жил тус салбартаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаад 2011 оноос Хүнс, нийтийн хоолны салбарт, баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болон 10 гаруй жилдээ ажиллаж байна. Түүний манлайлан чиглүүлж буй “Ноён пицца” компани монголд анх удаа пицца, чикен хүргэлтийг нэвтрүүлсэн төдийгүй 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж, Нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллага, Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч байгууллага, үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн нь “Гранп экспо” авардсын “Хэрэглэгчдийн хүсэмжит бүтээгдэхүүнээр” удаа дараа шалгарч, салбартаа тэргүүлсээр байна.
“НОЁН ПИЦЦА” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.СҮХЭЭ: Миний хувьд Улсад 30 жил, хувийн хэвшилд 10 гаруй жил ажиллаж байна. Урагшлах үүд хаалгыг нээж, урам зориг өгч байдаг шижигнэсэн залуучууддаа, хамт олондоо баярлалаа.
Энэ үеэр мэдээлэл, харилцаа холбооны салбартаа тэргүүлэгч, 1900-1950 лавлахын Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан, “Ноён пицца” ХХК-ийн үйлдвэрийн дарга Ц.Цэвээнхүү, “Масс академи”-ийн Гүйцэтгэх захирал Я.Эрдэнэчимэг нар Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнагдсан юм.
“Билэгт дөлгөөн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан: Энэ сайхан өдөр ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн нэр хүндтэй шагнал авсандаа туйлын их баяртай байна. Мэдээлэл харилцаа холбооны салбарт 17 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа 1900-1950 лавлахын нийт хамт олны хүч хөдөлмөрийг үнэлж байгаа шагнал болов уу гэж бодож байна. Цаашдаа их зүйлийг хийж бүтээх урам зориг өглөө. Үргэлж дэмжиж байсан хайртай аав ээж, хань үр хүүхдүүддээ баярласнаа илэрхийлье.
Б.Энх-Амгалан нь “Билэгт Дөлгөөн” компанийг үүсгэн байгуулсан анхдагчдын нэг бөгөөд мэдээллийн ахлах ажилтнаас ажлын гараагаа эхлүүлж Гүйцэтгэх захирал болтлоо дэвшин, өдгөө 17 дахь жилдээ салбарынхаа хөгжлийн төлөө тогтвор суурьшилтай ажиллаж байна. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлэн 2008 онд ХХЗХ-ны “Хүндэт жуух бичиг, 2010 онд ХХМТГ-ын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2013 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2015 онд ХАХНХЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнаж байжээ.
“Масс академи”-ийн Гүйцэтгэх захирал Я.Эрдэнэчимэг: Энэ сайхан өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Боловсролын салбарт 26 дахь жилдээ ажиллаж буй хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосонд баярлаж байна. Хамт олны минь хамтын хичээл зүтгэлээр олгогдсон шагнал гэж ойлгож байна.
Я.Эрдэнэчимэг нь Удирдлагын академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөж, Хүмүүнлэгийн их сургуульд мэргэжлийнхээ дагуу докторын зэрэг хамгаалсны зэрэгцээ Итали, Дани улсуудад Олон улсын бизнес, менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. Өдгөө Америкийн нэгдсэн улсад бизнесийн удирдлагын Пост-докторантаар суралцаж байна. Түүний удирдан чиглүүлдэг “Масс академи” нь “Англи хэлтэй монгол залуус” төслийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ Филиппин, Хятадын 600 их дээд сургууль, Италийн 12 их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэгч монгол дахь албан ёсны эрхт байгууллагаар сонгогдон ажиллаж байна.
“Ноён пицца” компанийн Үйлдвэрийн дарга Ц.Цэвээнхүү: “ТЭЦ-2”-оос ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж улсад 28 жил ажилласнаас хүнс, нийтийн хоолны салбарт ажиллаад 15 жил болж байна. Төрийн дээд шагналд тодорхойлсон удирдлагууддаа маш их баярлалаа. Хамт олон, гэр бүл, найз нөхдөдөө бас баярлалаа гэж хэлмээр байна.
Түүнчлэн “Масс Ти Ви” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Хосбаяр, “Масс Эженси” группийн ажлын албаны дарга Л.Мөнгөнчимэг, “Билэгт дөлгөөн” ХХК-ийн Ерөнхий нягтлан Г.Идэр, Сошиал медиа, маркетингийн албаны дарга Б.Сэржмядаг, жолооч А.Адьяажав нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдлаа.