Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан.
Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар боксын спортынхон болон бусад салбарынханд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Тэрбээр шагнал хүртсэн иргэдэд хандаж “Энэ бол өөрсдийнхөө хийж, бүтээсэн зүйлсээ төр засагтаа үнэлүүлж буй сайхан үйл явдал. Шагнал хүртсэн хүмүүстээ халуун баяр хүргэе. Боксын спортынхон хүн төрөлхтний их наадамд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, алтан соёмбот төрийн далбаагаа Япон Улсын тэнгэрт мандуулна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ярив.
Алтангадас одонгоор шагнуулсан “TV-6” телевизийн захирал Ж.Баяржаргал “Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор төрийн одон медаль хүртэж, энгэрээ мялаасандаа маш их баяртай байна.
Сэтгүүл зүйн салбарт тасралтгүй ажиллаж, олон байгууллагад туршлагажиж, суралцаж ирсэн. Ажлын гараагаа эхэлж, сэтгүүлч болох анхны суртахууныг маань ойлгуулж өгсөн “Таван цагариг”, “Өнөөдөр” сонин болон “MNC”, “25 дугаар суваг” телевизийн хамт олондоо баярлалаа. Мөн одоо ажиллаж байгаа “TV-6” телевизийн хамт олон маань сэтгэл зүйн салбарт өөрийн өнгийг тодорхойлохоор хичээж байна.
Үүнийгээ хийж, бүтээж байгаа ажлаараа харуулж байгаа. Энэ ч утгаараа хамт олныг маань үнэлж, надаар төлөөлүүлж, одон медаль гардуулж байна гэж ойлгож байна.
Хамт олондоо халуун баяр хүргэе. Та бүхнийхээ хийж, бүтээж байгаа зүйл, контентоос урам авч, тэтгэгдэж яваагаа энэ ташрамд дуулгая” гэсэн юм.