Монголын Гадаад харилцааны шинэ сайд Орост айлчиллаа. Дөч орчим насны жирийн монгол бүсгүй. Оросын Гадаад яамны сайд Лавров монгол сайдтай уулзаад мэл гайхсан байх. Гэрч нарын хэлж буйгаар бүр барьц алдсан гэнэ. Өөрөөс нь бараг хоёр дахин залуу монгол бүсгүй түүнтэй оросоор ярьсангүй. Орос хэл мэддэггүй гэнэ. Гадаад хэл гэвэл англитай л гэнэ. Орост сургуульд сурч байгаагүй гэнэ. Улаанбаатарт боловсрол олсон гэнэ. Ярианаас нь үзэхэд (мэдээж хэлмэрчээр дамжуулан) Оросыг онцгойлон сонирхдоггүй бололтой. Хамгийн гол нь бүсгүй Лавровоос огт айсангүй, гадна дотны хэнтэй ч ингэж харилцдаг болов уу гэмээр энгийн эрх тэгш харилцах аж. Оросын дээдсийн хувьд энэ нь урьд хожид сонсож байгаагүй шинэ үзэгдэл.
Энэ хүүхэн яагаад Оросын (Зөвлөлтийн) том албан тушаалтнаас айсангүй вэ?
Зөвлөлтийн анхны Гадаад хэргийн сайд Чечерин “Ямар ч тохиолдолд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн хатуу баримтлалтай байсан. Монголын тусгаар тогтнол, түүнтэй дипломат харилцаа тогтоохыг улайран эсэргүүцэгч. Энэ талаар түүний үлдээсэн бичиг баримт, явуулсан үйл ажиллагаа хангалттай их үлдсэн. Дараагийн сайд Литвинов Монголыг сонирхож байгаагүй, Монголын асуудлыг Сталин өөрөө гардах болсон ба асуудлыг Улс төрийн товчоонд Ворошиловоор ахлуулсан Монголын комисс дагнан шийддэг байлаа.
Молотов Зөвлөлтийн Гадаад яамыг олон жил хариуцсан. Ерөнхий сайдын ажлынхаа хавсаргаар. Монгол дахь их хядлага, Монголын нутаг Халх гол дах Орос Японы тулалдаан зэргийг зохион байгуулахад голлон оролцогчдын нэг. 1947 онд Монгол улс НҮБ-д элсэх өргөдлөө өгөн Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчдийг Нью Йорк руу илгээхэд Молотов Парист замд нь тосож уулзаад “Танайхыг НҮБ-д элсүүлэхгүй, гэхдээ нэгэнт энэ хүрсэн болохоор газар үзчихээд буцаарай” гэж байжээ. Чойбалсанг нас барсны дараа Монголын удирдагчид улс орноо ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулна гэж зүтгэхэд харин Молотов Цэдэнбалыг загнасан байдаг.
Зөвлөлтийн гадаад харилцааг Громыко 30 шахам жил тасралтгүй толгойлсон. Энэ хүн сайд байсан бүх хугацаандаа Монголд тун таагүй ханддаг нэгэн байлаа. Монгол улс АНУ-тай дипломат харилцаа тогтоох гэсэн хагас зуун жилийн оролдлогыг тухай бүрд нь таслан зогсоож байсан. Монгол улс Их Британи, Японтой дипломат харилцаа тогтоосныг тун сэжиглэнгүй харж харилцаа зузаарахаас болгоомжлон элдэв тээг саад байнга тавдаг байлаа. 1984 онд Цэдэнбалыг төрийн эрхээс зайлуулан Москвад гэрийн хорионд хийх ажиллагааг биечлэн удирдсан.
Эдвард Шевернадзе бол Орос Зөвлөлтийн талаас Монголд албан айлчлал хийсэн хамгийн анхны гадаад яамны сайд юм. Тэрээр Монголыг АНУ-тай харилцаа тогтоохыг зөвшөөрч Громыкогийн хоригийг цуцалсан хүн.
Зөвлөлт задарсны дараа Орос улсын гадаад харилцааны анхны сайд нь Козырев. Оросууд Монголыг мартаж Өрнөд рүү хамаг анхаарлаа хандуулж байсан үе. Тэрээр НҮБ-ын чуулганы үеэр олон удаа гуйлгуулж байж Монголын төлөөлөгчдийг хүлээж авсан боловч үл тоож буйгаа илт мэдрүүлэн ярицлага дундуур цай зөөгч хүүхэнтэй марзганаж ихэнх цагийг барсныг үзсэн гэрч нар ярьдаг.
Дорно дахины судлаач Примаков сайд болуутаа Монголд айлчилсан нь анх удаа засгийн эрхэнд гарсан ардчилсан хүчний бодлогыг тандсан хэрэг байх. Одоогийн сайд Лавров Монголыг илт “тоож” анхааралдаа авах болсон нь Оросын гадаад бодлого өрнөтэй дайсагнаж дорно руу хандах болсонтой холбоотой биз. Монголд хандах түүний гол бодлого – Монголыг ШХАБ-д элсүүлэхээр шахах, Гурав дахь хөршийн бодлогыг нь шүүмжлэх, Монголын энхийн сахиулагчид Ирак, Афганистанд болон НҮБ-ын далбаан дор өөр олон оронд үүрэг гүйцэтгэж буйд эмзэглэх, Абхаз, Өмнөд Осетин, Денестр зэрэг өөрсдийн шинээр байгуулсан улс орныг Монголоор хүлээн зөвшөөрүүлэхийг ятгах, НҮБ болон олон улсын арга хэмжээ уулзалт хэлэлцээрт Крымийн хойгийн талаар Оросыг шүүмжилсэн элдэв хэл амыг дэмжихийг хориглох зэрэг. Монголд албан ёсны айлчлал хийхдээ жинсэн өмд, биеийн тамирын пүүзтэйгээр дасгал хийж байгаа юм шиг дороо шогшсоор орж ирэн өөрт нь зориулж зассан хүндэтгэлийн улаан хивсний гадуур алхаж, басамжилж буйгаа боди лангвижээр ил тод харуулан сайрхсан. Оросын гадаад бодлогыг тодорхойлдог гол хүн шүү дээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу