Ховд аймаг, Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замыг явган туулахаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 13 дахь өдрөө гүйж байна. Тэрээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж, монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулах, Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэх зэрэг олон зорилго тээж яваа. Түүнтэй Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг буюу Дэлгэрийн талд үдийн амралтаа эдлэх үеэр нь утсаар холбогдож ярилцлаа.
-Таны гүйлтийг Монголын ард түмэн, тэр дундаа цэргийнхэн ихэд анхаарч, танд амжилт хүссээр байна. Өнөөдрийн байдлаар та хэдэн км замыг туулаад байна вэ?
-Баярлалаа. Намайг дэмжиж байгаа иргэд, олон нийт, мөрдэс болоод зорилго нэгт Зэвсэгт хүчний алба хаагчдадаа баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэгээр саадгүй сайн явна аа. Яг одоо бол Говь-Алтай аймгийн Дэлгэрийн талд өглөөний гүйлтээ хийчхээд, үдэлж байна. Үндсэндээ 530 км замыг туулаад байна гэсэн үг. Дэлгэрийн тал ч барагдахгүй цэлийсэн сайхан тал юм. Өчигдөр, өнөөдөр гүйсэн ч дуусаагүй л байна. Маргааш оройныхоо гүйлтээр л дуусгах байх аа.
-Гүйлт таны төвлөгөөний дагуу явж байна уу?
-Тийм ээ. Өдөрт дунджаар 40-45 км замыг туулж байна. 40 км-ээс бол бууж үзээгүй, энэ хугацаанд.
-Бие эрүүл мэндийн тухайд?
-Маш сайн байгаа. Ямар ч ядрал, цуцалт байхгүй. Манай багийнхан ч гүйлтийн бус цагаар намайг сайн асарч байна. Миний хань М.Мөнхзаяа тогоочоор, хадам ах М.Одгэрэл жолооч-дасгалжуулагчаар, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо эмчээр явж байна. Сайн хамт олны ачаар сайхан яваадаа баяртай байна.
-Ингэхэд энэ хугацаанд хэдэн кг жин хассан байна вэ?
-Ховд аймгаас гарахдаа 80 кг байсан. Өнөөдөр жинлэж үзэхэд 78 кг байна. Энэ нь ханийнхаа гарын хоолыг идэж байгаатай холбоотой. Ямар ч ядрал, цуцалтгүй байгаа учраас жин хасах зүйл гайгүй байна.
-Тээвэрчид их дэмжиж байгаа нь харагдаж байсан…
-Тийм ээ. Замд таарсан тээвэрчид болгон алга ташиж, уухайлж байна. Зарим нь хамтдаа зургаа авахуулъя ч гэж байна. Миний хувьд цар тахлаас сэргийлэх хүрээнд аль болох гар барихгүй ярилцаж, дэмжиж байгаад талархсанаа илэрхийлж байгаа. Иргэд их сайхан дэмжиж байна. Ховд аймгийн Дарви, Зэрэг сумын зам дагуух айлын бяцхан багачууд ундаа, ааруул тэврээд “Ах аа, амжилт” гээд замд угтсан нь сайхан санагдаж билээ. Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб болон бусад төрийн цэргийн байгууллага, Залуучуудын холбооноос төв талбайдаа хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлье. Монгол Улсын хэт холын зайн гүйлтийн рекорд эзэмшигч, ахмад тамирчин Б.Болдбаатар гуай намайг зорьж ирэн уулзаж, амжилт хүссэн. Бүр Говь-Аймгийн Алтай хотоос гарахад хамт дагаж гүйсэн. Бас манай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлагч нар 300 км замыг туулан байж, зорьж ирсэн. Нутгийнхаа брэнд идээ, будааг бариад, ая дуу хүртэл өргөсөн шүү. Түүнчлэн Германы алдарт “lowa” брэндийн хамт олныг дурдах ёстой. Монгол дахь дэлгүүрийн хамт олноос “Гүйхдээ өмсөөрэй” гээд хот хоорондын тээврийн машинаар надад их сайхан гутал явуулсан. Хөнгөн бөгөөд тухтай юм билээ. Тэр гуталтайгаа үндсэндээ 300 км замыг туулж байна.
-Та өдөр бүр энэ эрчээрээ гүйхэд төлөвлөсөн хоногоосоо өмнө орох уу?
-Би 7 дугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр жанжин Д.Сүхбаатарын талбайд очно. Мэдээж одоогоор өдөрт тогтмол 40-45 км гүйж байгаа учраас төлөвлөсөн хугацаанаасаа 2-3 хоногийн өмнө очих магадлалтай байна. Гэхдээ 7 дугаар сар гараад бороо их орно. Тийм учраас Өвөрхангай аймгаас эхлээд өдрийн туулах замыг 35 км болгон бууруулж, яг л төлөвлөсөн өдрөө Улаанбаатар хотод очно.
-Танд өндөр амжилт хүсье. Зорьсон газраа саадгүй хүрээрэй…
-Баярлалаа. Энэ ташрамд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, хамт олон, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон нутгийн зон олон, ахан дүүс, найз нөхөд, Зэвсэгт хүчний нийт алба хаагчид, намайг дэмжиж байгаа бүх хүнд талархсанаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ.
Ахлах дэслэгч Д.БОЛОР