Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо.
Гишүүд нөхцөл байдал хүндэрч, халдвар нэмэгдэж байгаа шалтгаан, Орхон аймагт “Делта” вирус тогтоогдсон эсэх, халдвартай тэмцэж буй дэлхий нийтийн тэргүүн туршлагаас авч хэрэгжүүлж буй эсэх, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж болох эсэх зэрэг асуудлыг тодруулж, Эрүүл мэндийн сайд болон Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн нар хариулт өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Делта” вирус Эрдэнэт хотод гарсан нь тогтоогдоогүй, манай улсад үүнийг тогтоох боломж ч байхгүй, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг одоогоор хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулах боломжгүй байна гэсэн хариултуудыг өглөө.