Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сары 5-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.
Тодруулбал, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29,30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4, 5-нд Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Харин 29-өөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
Иймд иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууд үерийн аюулаас сэргийлж, гол, мөрөн, нуурын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх;
Тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэд баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх;
Амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, голын усанд орохгүй байж болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.