Сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагад хүрээлэн буй орчинтой холбогдох гэмт хэргүүд ихээр бүртгэгдэх болсон. Тэгвэл энэ удаад Баянхонгор аймагт үйлдэгдэж байгаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар тус аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Амарсанаатай ярилцлаа.
Танай аймгийн прокурорын газраас уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, судалгаа гаргасан гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
Тиймээ. Бид Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөн энэ төрлийн зөрчлийн гаралт, Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаартай тогтоолын хэрэгжилтийг өнгөрөгч 2020 он, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар судалсан байгаа.
Аймгийн прокурорын газар нь 2020 онд 980 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавин ажилласнаас 10 хувь нь, мөрдөн байцаалтын 506 хэрэгт хяналт тавин ажилласнаас 11.8 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг байсан. Хяналт тавьсан мөрдөн байцаалтын 60 хэргийн 88.3 хувийг буюу 53 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг хэдэн насны, ямар хүмүүс үйлдэж байна вэ?
Өнгөрсөн онд Хүрээлэн буй орчны эсрэг 53 хэргийн 75 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Эдгээр холбогдогч нарын дийлэнх нь буюу 42.6 хувь нь 31-40 насныхан байна. Боловсролын хувьд 28 хувь нь дээд, 17.3 хувь нь бүрэн бус дунд, 24 хувь нь бүрэн дунд, 8 хувь нь тусгай дунд, 14.6 хувь нь бага, найман хувь нь боловсролгүй байна. Шүүхээс 52 шүүгдэгчид тэнсэх, 14 шүүгдэгчид торгох ял шийтгэл оногдуулсан.
Байгаль орчны эсрэг гэмт хэргийн улмаас хэчнээн хэмжээний хохирол учирсан бэ. Нөхөн төлүүлсэн үү?
Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн улмаас байгаль орчинд 132 сая 688 мянган төгрөгийн бодит хохирол учирсныг нөхөн төлүүлсэн. Мөн Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, түүний үнийг төлүүлэх арга хэмжээ авсан. Тухайлбал, өнгөрсөн онд экскаватор, цахилгаан үүсгүүр, тээврийн хэрэгсэл зэрэг 21 техник хэрэгслийг биетээр хураан авч, 14 техник хэрэгслийн 25 сая 250 мянган төгрөгийг төлүүлсэн. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон алт, мод, зэрлэг сонгино, шилүүсний арьс зэргийг хураан авч, улсын орлого болгон шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн онд Хүрээлэн буй орчны эсрэг 53 хэргийн 75 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн. Эдгээр холбогдогч нарын дийлэнх нь буюу 42.6 хувь нь 31-40 насныхан байна. Боловсролын хувьд 28 хувь нь бүрэн дунд, 14.6 хувь нь бага, найман хувь нь боловсролгүй байна. Шүүхээс 52 шүүгдэгчид тэнсэх, 14 шүүгдэгчид торгох ял шийтгэл оногдуулсан.
Энэ жилийн хувьд хүрээлэн байгаа орчны эсрэг хэчнээн гэмт хэрэгт хяналт тавьж ажиллаж байна вэ?
Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар хэрэг бүртгэлтийн 21, мөрдөн байцаалтын 10 хэрэгт хяналт тавьсан. Үүнээс 9 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 12 сая долоон мянга 314 төгрөгийн бодит хохирол учирч, нөхөн төлөгдсөн байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дөрвөн тээврийн хэрэгслийг биетээр, 10 техник хэрэгслийн үнэлгээ болох 41 сая 520 мянган төгрөгийг тус тус улсын орлого болгосон.
Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэргийн гаралт ямар байна вэ?
Манай аймгийн хувьд Газрын хэвлийн тухай хууль зөрчих, Ашигт малтмалын тухай хууль зөрчих зөрчил нэлээд их үйлдэгддэг. Өнгөрсөн 2020 онд гэхэд аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн долдугаар бүлэгт заасан Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг 155 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан. Үүнээс дийлэнх нь буюу 40,6 хувь нь Газрын хэвлийн тухай хууль зөрчих, 22,5 хувь нь Ашигт малтмалын тухай хууль зөрчих, 10,9 хувь нь Амьтны тухай хууль зөрчих зөрчил байгаа юм. Мөн Газрын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих зөрчлийн хэргүүд цөөнгүй үйлдэгдсэн. Энэ оны хувьд нэгдүгээр улирлын байдлаар дээрх төрлийн зөрчлийн 31 гомдол, мэдээлэл, хэрэгт хяналт тавьсан. Үүнээс хамгийн их нь Газрын хэвлийн тухай хууль зөрчих зөрчил 19 байгаа бол бусад нь Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан, Амьтны тухай хууль зөрчсөн зэрэг зөрчлүүд байна.
– Бүс нутгаар нь авч үзвэл Баянхонгор аймгийн аль суманд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил түгээмэл үйлдэгдэж байна вэ?
Өнгөрсөн онд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг Бөмбөгөр суманд хамгийн их үйлдэгдсэн. Нийт хэргийн 37,7 хувь нь буюу 20 хэрэг энэ суманд гарсан. Тус сумын нутгийг алт ихтэй гэж үздэг. Бумбатын бүлэг орд, Өлзийт гол, Алагийн булан, Далдын ам, Хүйтний ам, Хөгний булан, Хашаатын ам, Зүүн холбоо, Хөх булгийн хөндий, Цагаан сайрын булан, Хувын ам гэх зэрэг газруудад тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд алт олборлодог. Зарим хариуцлагагүй тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулснаар нутгийн иргэд болон бичил уурхай эрхлэгч нар уг газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг, мөн амар хялбар аргаар богино хугацаанд ашиг, орлого олох зорилгоор хувь иргэн, аж ахуйн нэгжүүд нутгийн иргэдтэй нийлж эвдэгдээгүй шинэ газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг, тухайн орон нутгийн төрийн байгууллагуудаас хяналт шалгалтыг тогтмол явуулдаггүй зэрэг байдлаас уг суманд энэ төрлийн гэмт хэрэг ихэр үйлдэгдэж байна. Мөн Баянхонгор, Өлзийт, Заг, Галуут, Шинэжинст сумдад 3-5 хэрэг гарсан бол Баян-Өндөр, Бууцагаан, Эрдэнэцогт, Жаргалант, Богд, Баянговь, Баянлиг зэрэг сумдад 1-2 хэрэг гарсан байна.
Сум орон нутагт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн хэргүүд түгээмэл гарч байгаа цаад учир шалтгаан юу байдаг вэ?
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” болон 2019 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаартай тогтоолын 1.1-д аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт “бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг” даалгасан байдаг. Гэвч энэхүү хууль тогтоомжийн заалтууд бүрэн хэрэгжихгүй байна. Мөн байгалийн баялгийг хууль бусаар хүртэх сэтгэлгээ орон нутгийн иргэдэд бий болсонтой холбоотойгоор сумдын Засаг дарга нар авилга, хээл хахуульд өртөх, эрх мэдэл албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх, ашиг сонирхлын зөрчилтэй ажиллах, хяналт шалгалтыг хагас, дутуу явуулах, бүрэн хянахгүй байх хандлага тасрахгүй байна. Төрийн алба хаагчдын идэвх санаачилга, хандлага, мэргэжлийн ур чадвар, мэдлэг дутмаг байдал ч ажиглагдаж байгаа.
Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа нь алсдаа бидний хүрээлэн буй орчинд нөлөөлнө гэдгийг иргэд маань ухамсарладаггүй, байгалийн баялаг нөөцийг барагдахгүй зүйл мэтээр авирладаг нь харамсалтай байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд төрийн байгууллага хоорондын болон орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаа маш чухал нөлөөтэй.
Цаашид танай прокурорын газраас байгаль орчны эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
Сумдын Засаг дарга нараас Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355 дугаартай тогтоолыг зөрчиж бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдтэй шинээр гэрээ байгуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Тиймээс 2021 онд бичил уурхай эрхлэгч нартай шинээр гэрээ байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга нарт анхааруулах үүднээс албан бичиг хүргүүлэх, мөн гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр үйлдэгдсэн сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт прокурорын мэдэгдэл хүргүүлэх, хууль тогтоомж зөрчиж байгуулсан хугацаа дуусаагүй гэрээнүүдийг цуцлуулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Мөн ойрын хугацаанд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагууд, бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийг хамруулан хууль хяналтын байгууллагууд, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс уулзалт, зөвлөгөөн зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Уг зөвлөгөөнөөр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагууд, бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүд хууль бусаар ашигт малтмал олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахгүй байх, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөх, хууль бус ашигт малтмал олборлогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад техник хэрэгсэл зэрэг бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхгүй байх зэрэг олон асуудлыг хөндөх юм.
Эх сурвалж: Өглөөний сонин 2021.07.01 №127, 128 (3432, 3433) сэтгүүлч С.Өлзийбаяр