Дархан-Уул аймгийн онцгой комиссоос зөөвөрлөгдөн орж ирэх халдварын эрсдэлээс сэргийлж өнөөдрөөс эхэлж энэ сарын 25-ны өдөр хүртэл постын шалган нэвтрүүлэх ажиллагааг чангатгаж, түр журмаар зохицуулахаар болжээ.
Тодруулбал, нийслэл болон халдвартай бусад аймгаас ирэх иргэдийг өнөөдрөөс эхлэн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй.
Мөн Дарханаас гарснаас хойш 14 хоногт буцаж ирэхийг хориглож байгаа юм байна. Энэ хугацаанд буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээр гарч, орох иргэдийг 14 хоног хязгаарлахгүй. Харин Дархан-Уул аймгийн харьяалалтай иргэдээ smartdarkhan.com цахим хаягаар дамжуулан шалгаж, хяналтын цэгт түргэвчилсэн шинжилгээ авч байж нэвтрүүлнэ. Хэрэв эерэг гарвал тусгаарлах байранд шилжүүлж, PCR шинжилгээгээр батлагдвал эмчлэн тусгаарлах байранд хүргэнэ гэж Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ.