Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал үүд хаалгаа нээж, анхны нислэгээ үйлдлээ. Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэсэн билээ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор тус нисэх буудлын нэвтрэх цэгүүдэд суурилуулсан цацраг идэвхт материал илрүүлэх зориулалт бүхий хяналтын төхөөрөмжүүдийг ашиглаж эхэллээ.
Цацраг идэвхт бодисыг хил, гааль дээр ашигладаг рентген тоног төхөөрөмж, металл илрүүлэгч зэрэг аюулгүй байдлыг хангах хэрэгслүүдээр илрүүлэх боломжгүй юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас цацраг идэвхт бодис илрүүлэх хяналтын төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай байгаа талаарх хүсэлтийг АНУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлсний дагуу “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар 5 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг 2018 онд суурилуулсан юм.
МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын /ахлах/ байцаагчид тус төхөөрөмжийг хүлээн авах, угсрах, суурилуулах, ашиглалтад оруулах явцад хяналт тавьж ажиллалаа.
Олон улсын атомын энергийн агентлагийн “Цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүрийн хууль бус хөдөлгөөний сан”-ийн (Incident and Trafficking Database-ITDB) мэдээллээр 2020 онд дэлхийн 25 улсад 13 төрлийн цацраг идэвхт материал бүхий 127 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан улс орон бүр цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тавигдаж буй хяналтыг өндөржүүлсээр байна.