Монгол улсын засгийн газар долдугаар сарын 2-нд улсын баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Мөн хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг хориглосон ч уяачид бооцоот уралдаан зохиосоор байна. Тухайлбал долдугаар сарын 1-нд Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур сумын 20-иод уяач, хүн тус бүр 30 мянган төгрөгний бооцоо тавьж, их нас, азарганы уралдаан зохион байгуулсан аж. Энэ үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, нас баржээ. Уралдаан зохион байгуулах гэж буй тухай мэдээлэл мөн өдрийн 11 цаг 10 минутад авсан ажлын хэсгийнхэн тэнд 12 цаг 45 минутад очиход хохирогч хүүхэд амь хураачихсан байсан гэнэ. Дашрамд дурдахад зургадугаар сарын 11-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хурдан морь унаач гурван хүүхэд нас баржээ.
Засгийн газрын шийдвэрийг зөрчиж буй уяачдыг хатуу шийтгэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ зэрлэг адгуусаар цэнгэж, балчир үрсийн амиар дэнчин тавьж наадах нь багасах биз ээ.