Хүний хөгжил сангийн мөнгийг нөхөн олгох ажил энэ сард дуусна

НХҮЕГ - СБТГ - БадрахХүний хөгжил сангаас 2010 оны хоёрдугаар сараас эхлэн Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хувь олгохоор болсон билээ.

Иргэд хишиг, хувиа бэлэн мөнгө, хувьцаа, оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын хэлбэрээр авах боломжтой бөгөөд төрөөс 21 мянган төгрөгийг сар болгон өгч эхэлсэн.

Одоогийн байдлаар иргэн бүр 1.5 сая төгрөгөөс 500 мянгыг нь аваад байна. Харин хувь, хишгээ хүртэж амжаагүй иргэдэд нөхөн олгох ажил энэ сард явагдаад дуусах юм. Энэ талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Бадрахаас тодрууллаа.

Өнөөдрийн байдлаар Хүний хөгжил сангаас хэчнээн иргэнд хувь хишгийг олгоод байна?
-Хүний хөгжил сангаас 2.9 сая иргэнд 500 мянган төгрөгийг буюу нийт 1.4 их наяд төгрөг олгоод байна. Харин ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн нэг сая төгрөгөө бэлнээр авах эрх үүссэн. Өөрөөр хэлбэл, тэдгээр 322 мянган иргэнд 321.9 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. Сургалтын төлбөр хэлбэрээр 2011 онд 133 мянган оюутанд 66.9 тэрбум төгрөг, 2012 онд 144 мянган оюутанд 71 тэрбум төгрөг олгожээ. Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэн 4.8 тэрбум төгрөг авсан байна.

Хорих ял эдэлж байсан, шинээр төрсөн, гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаад ирсэн иргэд хувь хишгээ хүртэж амжаагүй байж болох юм. Тэдэнд энэ ондоо багтаж авах л боломж үлдэж байгаа гэж сонссон?
-Дээрх онуудад хөрөнгө мөнгөний асуудлаас зарим иргэнд өгч чадаагүй хувь хишгийг 2013 онд олгохоор Улсын төсөвт 32 тэрбум төгрөг суулгасан. Энэ ондоо хувь хишгийг нөхөж олгох ажил дуусгавар болно. Тэгэхээр иргэд арванхоёрдугаар сарын 1-ний дотор аймаг , дүүргийнхээ Нийгэм халамжийн үйлчилгээний хэлтэст хандаж, 500 мянган төгрөгөө авах боломжтой. Өөрөөр хэлбэл иргэдэд хүний хөгжлийн сангийн мөнгөө авахад гурван долоо хоногийн хугацаа үлдээд байна. Дээрх хугацаанаас хэтэрвэл 500 мянган төгрөгийг дахин олгох боломжгүй. Харин үлдсэн нэг сая төгрөгийг “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа хэлбэрээр авах юм.

Гадаадад байгаа иргэд 500 мянган төгрөгөө яаж амжиж авах вэ?
-Гадаадад байгаа иргэд хамгийн түрүүнд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой. Хэрэв шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол тухайн улсынхаа Элчин сайдын яамны Консулын газраар итгэмжлэх хийлгэн, Монголд байгаа ар гэрийнхнээрээ дамжуулан авах боломжтой.

засаг.мн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …