22-ын товчоогоор гарч буй жолооч нарт аюулгүй зорчих зөвлөмж мэдээллийг өгч, хүүхдийн суудлын бүс тохируулагчийг тарааж байна.
Улаанбаатар хотоос орон нутаг зорчих иргэдийн хөдөлгөөн их байна. Тээврийн цагдаагийн албанаас “Ирээдүйгээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ буюу аяныг өрнүүлээд байгаа ба Тоёота Монголиа компанитай хамтран “Аюулгүй, Аз жаргалтай” уриан дор товчоодоор нэвтэрч буй жолооч нарт зөвлөмж мэдээлэл өгч, хүүхдийн суудлын аюулгүйн бүс тохируулагчийг үнэгүй өгч байна. Энэ ажлын хүрээнд нийт 5000 ширхэг бүс тохируулагчийг тараах аж.
Товчоодоор гарч байгаа иргэд ихэнхдээ гэр бүлээрээ явж байгааг мэдээлэл өгсөн тээврийн цагдаагийн алба хаагч онцолж байлаа.
Аюулгүйн бүсээ зүүгээгүйн улмаас аливаа ослын үеэр хүүхдийн амь нас эрстэх, урд салхины шилээ мөргөж гэмтэж бэртэх зэрэг эрсдэлүүд байдаг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо жолоочоос гадна зорчигчид /хүүхдүүд/ суудлын бүсээ заавал зүүхийг албаныхан анхаарууллаа.