Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв 2017 оны 11 сард яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашигласан юм. Мөн 2020 оны 6 сард эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайг байгуулав. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд орон нутагт осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Ингэснээр алслагдсан бүс нутагт яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж өвчтөнийг газраар тээвэрлэснээс харьцангуй богино хугацаанд эмнэлэгт хүргэх боломжтой болж байна. Тухайлбал 100 орчим км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон иргэнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг бол нисдэг тэргээр 20 минутын дотор эмч нарын баг тусламж үзүүлж, эмнэлэгт авчрах боломжтой ба цаашилбал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг бусад эмнэлгээс тусламж авах шаардлагатай үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.