Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь 20 жилийнхээ ойн хүрээнд Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо, ШХАБ-ын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны комисс, ШХАБ-ын Нарийн бичгийн газартай хамтран “Эмэгтэйчүүдийн Боловсрол ба Ядуурлыг Бууруулах нь” форумыг 2021 оны 7-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Форум нь Бээжин хотод зохион байгуулагдсан бөгөөд зочид, төлөөлөгчид биеэр болон цахимаар оролцлоо.
Форумын зохицуулагчаар Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр гишүүн, Төрийн зөвлөлийн дэргэдэх Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн үндэсний хорооны дэд дарга Хатагтай Хуан Сяовэй оролцож, нээлтийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны комиссын ерөнхийлөгч Хатагтай Шэн Юүюэ хийлээ.
БНХАУ-ын дарга Си Жиньпиний гэргий Пэн Лиюань оролцож энэхүү форумд оролцсон төлөөлөгчдийг цаашдаа хамтран ажиллахыг уриаллаа.
Монгол Улс нь ШХАБ-д ажиглагчийн статустай оролцдог бөгөөд энэ удаагийн форумд МЭХ-ны Ерөнхийлөгч урилгаар оролцож, үг хэллээ.
Ядуурал бол бүх хүн төрөлхтний нийгмийн өмнө тулгардаг нийтлэг бэрхшээл бөгөөд эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулах нь Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн чухал асуудал бөгөөд 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үндсэн зорилт юм.
Эмэгтэйчүүдийн боловсрол болон оролцоо нь соёл иргэншлийн дэвшлийг хэмжих чухал үзүүлэлт бөгөөд тогтвортой хөгжлийн үндэс суурь, урьдчилсан нөхцөл гэж үзэн форумаар дамжуулан ШХАБ-ын гишүүн орнуудад эмэгтэйчүүдийн боловсролыг сурталчлах, ядуурлыг бууруулах чиглэлээр тэргүүлэх туршлага, амжилттай туршлагаа хуваалцах, харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, амжилтад хүрэхэд дэмжлэг үзүүлэх платформыг бий болгохыг зорьсон. Бээжингийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасан холбогдох зорилтуудын талаар мөн хэлэлцлээ.