Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар тус байгууллагад хөдөлмөрлөх эрх болон хүүхдийн эрхийн хүрээнд хэд хэдэн зөрчил, дутагдал илэрсэн тул Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлж, гаргасан зөрчлийг арилгуулж ажиллаа.
Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга У нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, алба хаагч, ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлж, ялгаварлан гадуурхсан, хүний хувийн нууцад халдаж, хөдөлмөрлөх эрх, эрх чөлөө, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь хяналт, шалгалтаар илэрсэн юм. Мөн тус хэлтсийн нэр бүхий алба хаагчид хүүхэд хамгааллын чиглэлээр хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй, ажилдаа хайхрамжгүй хандаж, хүүхдийн эрхийг зөрчсөн нь тогтоогдсон юм. Хяналт шалгалтаар илэрсэн эдгээр зөрчлийг арилгуулах Комиссын гишүүний шаардлагын хариуг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлжээ.
Шаардлагын хариуд, холбогдох хэлтсийн даргад сахилгын шийтгэл ногдуулж, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг сануулсан, хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдад “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасны дагуу тогтоол гаргаж, холбогдох хүмүүсээс уучлалт гуйхыг үүрэг болгосон тухай уламжилжээ гэж Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.