Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр 12 үүрэг, даалгавар өглөө.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгов.
Мөн замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа.
Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үйлчилгээний цагийн хуваарь болон автобусны тоог нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу чөлөөлсөн байршлуудад тохижилт хийх ажлыг зохих хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулах, Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг эрчимжүүлэхийг даалгалаа.