Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УОК-ын Нарийн бичгийн дарга Г.Баярхүү нар 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр аймаг орон нутгийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай хамтарсан уулзалтыг цахимаар хийлээ.
Наймдугаар сарын 10-наас хойш улсын хэмжээнд баяр наадмын шинжтэй уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байх, өвс тэжээл хадлан бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах УОК-ын шийдвэр гарсантай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймгийн Засаг дарга нар бүрэн хариуцах тогтолцоонд шилжиж байгааг Шадар сайд онцолж хэллээ.
Есдүгээр сарын 01-нээс эхлэн өвс тэжээлийн экспортыг хориглох Засгийн газрын шийдвэр гарсан учраас дотооддоо өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой хэмээн үзэж буй бөгөөд аймаг орон нутгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулан ажиллахыг тэрээр сануулсан юм.
Малын элдэв халдварт өвчин отор нүүдлээр дамжин бүс нутагт тархаж болзошгүй байгаа тул отроор явуулахыг тодорхой хэмжээнд хязгаарлах болсон тухай шийдвэр гарсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ. Мөн малын халдварт өвчин тархах магадлалтай аймаг, сумдад хорио цээр тогтоож, халдварыг хумих ажлыг эрчимжүүлж буй бөгөөд энэ хүрээнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хоригложээ.
Аймгийн Засаг дарга нарын зүгээс ХАА-г дэмжих сангийн салбарыг орон нутагт байгуулах, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн технологид ажлыг тасралтгүй явуулах техникүүдийг яаралтай оруулж ирэх, тариалангийн бүс нутагт отроор явуулахгүй байх саналуудыг хэлж байв.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр аймаг нийслэлийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга нарт хандсан Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ын сайд нарын хамтарсан албан даалгавар гарчээ. Энэ хүрээнд аймаг сумын түвшинд бүрдүүлвэл зохих өвс, тэжээлийн нөөцийг 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бэлтгэх, малын гоц халдвар гарсан бүсээс мал сүргийг вакцин, туулгалтанд бүрэн хамруулсан тохиолдолд отроор явуулах, ургац хураалтад ажиллах иргэдийн эрүүл мэндэд хяналт тавих зорилгоор Явуулын эмнэлзүйн баг ажиллуулахаар шийдвэрлэжээ.