“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Сайед Моллай өнөөдөр /2021.08.19/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийг нь Засгийн газар албан ёсоор хүлээж аваагүй, шагнал урамшуулал олгоогүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл Засгийн газрын тогтоолоор“Токио-2020” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Сайед Моллай, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт байр олгохоор болсон тухай Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “Засгийн газрын тогтоол гараад медаль авсан дөрвөн тамирчиндаа байр өгөхөөр болсон. Мөн цол болон нэг удаагийн мөнгөн шагналыг нь өгнө. Сайед Моллай маань Монгол улсын гавьяат тамирчин болж байгааг дуулгахад таатай байна.”гэжээ.
Ташрамд дурдахад “Токио-2020” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчин Сайед Моллай хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа, дасгалжуулагч Х. Болдбаатар, М.Бундмаа, Б.Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 11-ны хуралдаанаас гаргасан билээ.
Ингэхдээ Сайед Моллайд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор болсон бөгөөд мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгасан юм.