Цагаан сараар гурван өдөр нийтээрээ амрахаар шийдвэрлэв

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2013.11.19/ үдээс өмнө хуралдаж, эхлээд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин хуулийн төслийг санаачлан өргөн барьсан гишүүдийн нэг болох гишүүн Г.Батхүү төсөл санаачлагчдын саналаар уг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүн М.Энхболд бас дэмжлээ. Ингээд төсөл санаачлагчдын саналын дагуу хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлууулахаар болов.

  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Болочулуун, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, М.Энхболд, Б.Болор нар санаачлан өнгөрсөн 6 дугаар сард өргөн барьсан юм. Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдаж 2004, 2007 онд өөрчлөлт орсон боловч улам бүр өсөн нэмэгдэж байгаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээ, олон нийтийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн уг хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлагатай болсон гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд шинэчилсэн найруулгын төсөл санаачилжээ.

Нийтдээ 5 бүлэг, 18 зүйлтэй уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд монгол угсаатныг нэгтгэсэн Монгол үндэстний их баяр наадмыг гурван жилд нэг удаа Үндэсний их баяр наадамтай хамтатган зохион байгуулж байх, баяр наадмын үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харвааг нийслэл болон 21 аймагт салбартай, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн байгууллага болох Үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Үндэсний сурын холбоод зохион байгуулах, бөх, уяач, харваачдын цол, цол олгох шалгуурыг эрэмбэлсэн, унаач хүүхдийн эрхийг хуулиар хамгаалж зохицуулах зэрэг асуудлыг тусгажээ.

  Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болж, төсөл санаачлагч гишүүн Су.Батболд танилцуулга хийлээ. Цагаан сар нь манай өвөг дээдсийн үе улиран уламжилж ирсэн төрт ёсны хамгийн том баяр. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд Цагаан сарын шинийн 1, 2-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан боловч өргөн уудам газар нутагт тархан суурьшдаг онцлогтой манай ард түмний хувьд ураг төрлөөрөө төрт ёсоо хүндэтгэн үндэснийхээ онцлог, өв түүх, ёс жудгаа хадгалан үлдсэн монгол түмний баярын энэ өдрүүдэд аав, ээж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, нутаг усандаа очих нь залуу хойч үед хүмүүжлийн болон ёс суртахууны ихээхэн ач холбогдолтой, нөгөө талаас цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрийг нэг өдрөөр нэмж, нийтдээ гурван өдөр нийтээрээ амрахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдааны үеэр YIII Богдын хөшөөг босгоход бүх талын дэмжлэг үзүүлэх талаар байнгын хорооны тогтоол гаргаж Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон нийслэлийн удирдлагад чиглэл өгөхөөр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …