“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Жил бүр хичээл эхлэх үеэр томоохон замуудыг хааж, засвар хийдэг. Баяр наадмын үеэр болон хөл хөдөлгөөн бага үед замыг засаж болдоггүй хэрэг үү?
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: -Нийслэлийн хэмжээнд 1165 км зам байдаг. Үүнээс 40 орчим хувь нь маш муу зам гэсэн чанарын үнэлгээ гарсан. Дунд зэргийн үнэлгээтэй зам 30 орчим хувь, сайн чанарын үнэлгээтэй зам мөн 30 орчим хувь бий. Энэ бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, замын бусад байгууллагын судалгаагаар гарсан үнэлгээ юм. Улаанбаатар хотын зам засвар, арчлалтын системд өөрчлөлт хийхгүй бол замын чанар улам бүр муудна. Бид үндсэн хөрөнгийн менежмент нэвтрүүлэхээр шинэчлэлийн асуудал ярьж байгаа. Өнөөдөр зам засварын ажил, замын нөхөөс, бусад тооцооллыг гараар хэмжиж байна. Бид замын нөхөөс болон нөхцөл байдлыг лазераар секундэд маш хурдан хэмждэг, тодорхойлдог шинэ технологи нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Шинэ технологи нэвтрүүлснээр зам засвар, арчилгаанд зөв, бодит үнэлгээ гаргах, нөхцөл байдлыг сайжруулах боломж бүрдэх юм. Улаанбаатар хотын замын асуудал зөвхөн авто замын газарт төвлөрч байгаа. Бид есөн дүүрэгт зам засвар, арчилгааны байгууллагууд байгуулж, хариуцлага хүлээлгэн, замын нэг ч хэсгийг үлдээхгүй байхаар төлөвлөж, ирэх жилээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн төсөв арванхоёрдугаар сард батлагддаг. Зам засварын ажил долдугаар сард эхэлдэг. Харин Япон Улсад дөрөвдүгээр сард төсвөө баталдаг учир нэгдүгээр сард замын ажил эхэлдэг. Эрх зүйн зохицуулалт хийх асуудал байгаа. Замтай холбоотой тендерийн асуудлыг бид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан зам засвар, арчлалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлж байгаа. Компаниуд шалгарч, гэрээгээр ажил гүйцэтгэнэ. Тиймээс зам засварын ажил цаг хугацаандаа хийгдэнэ.
Ц.Тулга: Туул голын эрэг дагуух тохижилтын ажил эхэлсэн
-Туул голын эрэг дагуу болон Богдхан уулын тохижилтын ажил ямар шатандаа явж байна вэ?
Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга: -Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хотын дарга Туул голын эрэг, Богдхан уулын алхалтын маршрутын дагуу газар дээр нь ажиллаж, тохижилт хийх тодорхой үүрэг даалгавар өгсөн. Туул голын эрэг дагуу таван байршилд, Богдхан уулын Дугуй цагаан орчимд алхах алхалтын маршрутын дагуу тохижилтын ажил хийнэ. Бид иргэдийн саналыг авахын тулд зураг төслийн уралдаан зарласан. Уралдаанд шалгарсан бүтээлийн дагуу зураг төслийн ажил хийж, ажлын даалгавар гарч, зураг төсөл баталсан. Баталсан зураг төслийн дагуу ажлын зураг төсөл хийж байна. Туул голын эрэг дагуу хийх нэг хэсгийн тохижилтын ажлын зураг төсөл өнгөрсөн онд бэлэн болсон. Энэ жил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажил хоёр удаа зохион байгуулагдсан боловч амжилтгүй болсон. Сонгон шалгаруулалт амжилтгүй болох тоолонд хугацаа алддаг. Харин одоо гүйцэтгэгч байгууллага шалгарч, тохижилтын ажил эхэлсэн.