Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг 2021.08.25-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 2433 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 850 нь Улаанбаатарт, зөөвөрлөгдсөн 31, хөдөө, орон нутагт 1552 бүртгэгджээ.
Хоногт 1479 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 61-80 насны зургаан хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас баралт 913 боллоо.
Одоогийн байдлаар эмнэлэгт 1749 хүүхэд, 348 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.
Нийт хүн амын 63,5 хувь буюу 2 сая гаруй хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.