Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.
Үүнтэй холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан” боомтоос бусад боомтод 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгав.
ТОВЧ МЭДЭЭ:
– Засгийн газраас хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зохион байгуулах ажлыг 2018 онд эхлүүлсэн. Үүнд шаардагдах зардлыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталж, санхүүжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 18-аас дээш насны даатгуулагчид 12 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой талаар Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.
– “Олимпзмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” үндэсний хороог Засгийн газрын хуралдаанаар байгуулав. Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ажиллана.