Монгол инженерүүдийн оюун ухаан, ур чадвараар бүтсэн 008, 009, 010 дугаартай “Хоёр загал” илчит тэргүүдийг өнөөдөр анхны аялалд нь үдлээ.
“Монгол модернизаци” төслийн хүрээнд 2005-2013 онд “Хоёр загал” серийн 7 зүтгүүр зохион бүтээж, төмөр замын зорчигч, ачаа, тээврийн ажилд ашиглаж байна. 2003 оноос эхэлсэн энэ төслийн 10 жилийн ой дээр ийнхүү гурвыг нэмж 10 ширхэг “Хоёр загал” илчит тэрэгтэй болсон нь монгол хүний оюуны потенциал, бүтээх чадварыг харуулж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Өнөөдөр замд гарч буй илчит тэрэгнүүд өндөр хүчин чадалтай, орчин үеийн технологиуд шингээснийг төмөр замчид онцолж байна. Түлшний банкны багтаамж 75 хувиар нэмэгдсэн, татах хүч нь сайжирсан, компьютер удирдлагын системтэй, камерын системээр тоноглогдсон, түлшний зарцуулалтыг кабинаас хянах боломжтой, электрон механик хосолсон хурд хэмжигчтэй, 1500 цаг найдвартай ажиллах LED гэрэлтүүлэгтэй, зүтгүүрийн бригад ажиллах ая тухтай орчин бүрдүүлсэн, бүхээгийн битүүмжлэл сайн, дулаан хадгалах чадвартай, дуу чимээ тусгаарлагчтай, халуун хүйтэн байдалд ажиллуулах төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчилгээ шаардагдахгүй зай хураагууртай зэрэг давуу талыг тэд нэрлэлээ.
Монголчуудын бүтээсэн зүтгүүрүүд гадаадад үйлдвэрлэсэн зүтгүүрүүдтэй ижил хүчин чадалтай ч өртөг зардал хэмнэж буй нь давуу тал. “Хоёр загал” илчит тэрэг 3 сая ам.доллараар бүтээгдсэн бөгөөд ижил хүчин чадалтай шинэ илчит тэрэг худалдаж авах үнээс 1 сая ам.доллараар хямд юм.
Бахархал төрүүлэх өөр нэг зүйл бол монгол инженерүүдийн энэ ажил анх бусад орны илчит тэрэгний паркаа шинэчлэх жишээ болж байгааг салбарын сайд А.Гансүх онцоллоо. Казастан улс ихэнх паркаа энэ аргаар шинэчилж, өнөөдөр үйлдвэрлэлээ өргөжүүлэн завод байгуулан бусад орны захиалгаар,тэр дотроо ОХУ-ын захиалгаар илчит тэрэг үйлдвэрлэж байна. Польш улс мөн энэ аргаар илчит тэрэгний паркаа шинэчилж эхэлжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.