Баянзүрх дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан дүүргийн Эрүүл мэндийн 10 дугаар төвд ажиллалаа.
Тэрээр энэ долоо хоногтоо багтааж дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаагүй 12-17 насны хүүхдүүдийг бүрэн вакцинжуулж, боловсролын салбарын ажилтан, алба хаагчдыг 3 дугаар тунд хамруулж дуусгах шаардлагатай талаар дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, эмнэлгийн ажилтнуудад хэллээ.
Мөн Сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн Дельта вирус, томуугийн дэгдэлт үүсэх магадлалтай учраас эрсдэлүүдийг тооцож, нөөц төлөвлөгөөтэй, эрсдэл багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн юм.
Улсын хэмжээнд дархлаажуулалтын 3 дугаар тунг хийж эхэлсэнтэй холбогдуулан бүх цэгүүдэд ачаалал харьцангуй өндөр байгаа тул боловсролын байгууллагын ажилчид болон сурагчдад дархлаажуулалтын цэгийг тусад нь гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн.
Халдварын тохиолдол нэмэгдэж буй эрсдэлт нөхцөлд түргэвчилсэн болон PCR шинжилгээний оношлуурыг нэмэгдүүлэх, танхимаар хичээллэж байгаа учраас халдвар судлаач мэргэжилтнийг сургууль, цэцэрлэгүүдэд арга зүйн зөвлөгөөг өгч ажиллуулахаар боллоо.
Үүгээр ч зогсохгүй дүүргийн 27-р хорооны Дарь-Эх орчимд байршилтай Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар 50 ортой эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулж, ор дэлгэж бэлэн байдлыг хангана гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.