Баянзүрх дүүргээс 2021 оныг “Дэмжих жил” болгон зарласан. Дэмжих жилийн хүрээнд дүүргийн хэмжээнд томоохон ажлууд хийгдэж байна. Тухайлбал “Хоггүй бол ГОЁ”, “Сайхан цагийн төлөө хамтдаа”, “Иргэдээ дэмжье”, “Би хариуцлагатай иргэн”, “Газар чөлөөлөлт” гэх мэт иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахаар тодорхой ажлуудыг хийж байна. Үүний хажуугаар та бидний сайн мэдэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй дүйцэхүйц томоохон цэцэрлэгт хүрээлэн буюу “International Garden Of Mongolia”-г Баянзүрх дүүргийн зүүн захад барихаар төлөвлөсөн.
Шинэ цэцэрлэгт хүрээлэн нийт 300 га талбайг хамрах бөгөөд Олон Улсын цэцэрлэгт хүрээлэн байх юм. Өөрөөр хэлбэл дэлхийн бусад улс үндэстний хэв шинжийг агуулсан, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Тиймээс уг ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага, инженерүүдтэй уулзаж санал бодлоо солилцсон юм.
Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хэлэхдээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Монгол Улсын хэмжээнд цорын ганц цогц цэцэрлэгт хүрээлэн. Уг цэцэрлэгт хүрээлэн бий болсон цагаас хойш иргэд эрүүл, зөв амьдралын хэв маягт шилжиж, иргэдийг амарч, зугаалах, цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бүрдсэн гэж дүүргийн удирдлагууд харж байгаа. Тэр ч утгаараа бид дараагийн томоохон цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад мэргэжлийн та бүхний юунд алдаж, юуг анхаарах ёстой гэх мэт зөвлөгөө нэн чухал. Тэр ч утгаараа өнөөдөр та бүхэнтэйгээ уулзаж, санал сэтгэгдлийг сонсохоор ирсэн” гэдгээ хэлсэн юм.
Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул хэлэхдээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол 973 га талбайд хийгдсэн нүсэр бүтээн байгуулалт. Үүнээс 183 га талбайд төлөвлөлт хийж, иргэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчныг бүрдүүлсэн. Баянзүрхэд ахин нэг цэцэрлэгт хүрээлэн хийхээр бол бид нэн тэргүүнд хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайг байгуулах, ахмадуудад зориулсан орчинг бий болгох, зөв төлөвлөлтийг хийх үүднээс мод үржүүлгийн газрыг байгуулах шаардлагатай. Мөн 00-ын асуудлыг хэрхэн шийдэх талаар төлөвлөж, зөв төлөвлөлт хийж байж л цэцэрлэгт хүрээлэн бий болгож чадна гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бий болгосон инженер, удирдлагуудыг тухайн шинээр хийгдэх “International Garden of Mongolia” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилд урьж ажиллуулах, туршлаг судлахаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.