АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (ОУХА) санхүүжилтээр хэрэгжиж буй “LEAD Mongolia “хөтөлбөрийн хүрээнд World Learning байгууллагаас 2021 оны 9-р сарын 10-ны баасан гарагт “LEAD-ийн замнал” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээгээр “LEAD Mongolia” хөтөлбөрийн таван жилийн үр дүнг хуваалцахаас гадна World Learning-ийн боловсруулсан “ШИЙД(TAAP) тэгш хамарсан хөгжлийн арга хэрэгсэл, заавар”-ын монгол хувилбарыг танилцуулах юм.
Мөн LEAD хөтөлбөрийн түнш байгууллагууд болох Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ), Иргэний Боловсролын Төв (ИБТ), ЛИЙД Төгсөгчдийн холбоо төсөл хөтөлбөрийнхөө гол ололт амжилт, үр дүнг хуваалцана.
Анх 2016 онд хэрэгжиж эхэлснээс хойш 6,6 сая ам.долларын санхүүжилт бүхий “LEAD Mongolia” хөтөлбөрт 246 монгол залуус хамрагдаж, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, иргэдийн оролцоо, төрийн бодлогыг улам сайжруулах, нийгмийн асуудлаар нөлөөлөл хийх зэрэг ур чадварт суралцсан юм.
LEAD хөтөлбөр нь нийгмээ эерэгээр өөрчилж, ардчиллыг бэхжүүлэх эрмэлзэлтэй манлайлагч залуусын хүчирхэг сүлжээг бий болгохын төлөө хичээн ажиллаж иржээ. Хөтөлбөрийн оролцогчид өнгөрсөн таван жилийн хугацаанд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; байгаль орчин, хотжилт; авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах гэсэн гурван бодлогын сэдвээр нийт 26 төсөл хэрэгжүүлжээ.
БНОУХ-тэй хамтран хэрэгжүүлдэг LEAD Alliance хөтөлбөрийн хүрээнд Монгол, Бутан, Мьянмар, Киргиз улсын залуусыг нэгтгэж, ардчилалд тайван замаар шилжсэн Монгол Улсын түүх, туршлагыг хуваалцсан юм. Иргэний Боловсролын Төвтэй хамтран хэрэгжүүлдэг “Иргэн” төслийн хүрээнд ахлах ангийн сурагчид сургууль, орон нутагтаа тулгамдсан асуудлыг шийдэлцэх ур чадварт суралцсаны сацуу иргэний боловсрол олгох “Ардчиллын үндэс”сурах бичгийг боловсруулж, нийслэл болон 21 аймгийн ЕБС-ийн сургуулиудад түгээсэн юм.
Арга хэмжээний үеэр World Learning байгууллага “ШИЙД тэгш хамарсан хөгжлийн арга хэрэгсэл, заавар”-ын монгол хэлээрх хувилбарыг танилцуулна. ШИЙД арга хэрэгсэл нь аливаа төсөл хөтөлбөрийн бүх үе шатанд тэгш хамрахуйг тусгаж, бүх хүнийг татан оролцуулах зорилготой бөгөөд иргэний нийгэм, төр, хувийн хэвшлийн байгууллагууд, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэгч нарт тэгш хамрахуйг бэхжүүлэхэд туслах эх сурвалж болох юм.
“LEAD-ийн замнал” арга хэмжээг LEAD Mongolia хөтөлбөрийн фэйсбүүк хуудсаар 9-р сарын 10-ны 10:00-14:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэйгээр шууд дамжуулна. World Learning нь дэлхийн 150 гаруй оронд боловсрол, хөгжил, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн 85 гаруй жилийн түүхтэй олон улсын байгууллага бөгөөд Монгол Улсад 2000 оноос хойш SIT гадаадад суралцах хөтөлбөр болон олон улсын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж иржээ.