Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын сүүлээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байх төлөвтэй байна. Энэ сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-26-нд ихэнх нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.