ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Ургац хураалтын явц ямар байна вэ?
-Энэ онд улсын хэмжээнд 420.2 мянган га-д үр тариа, 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-д тариалалт хийсэн. Одоогийн байдлаар Хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай, улаанбуудайнх 15 хувьтай байна гэсэн мэдээг орон нутгуудаас ирүүлж байна. Энэ хэмжээг ноднин жилийн мөн үетэй харьцуулбал ижил түвшинд байна.
-“Ургацаа бүрэн авцгаая” уриалгын хүрээнд хэчнээн хүн ургац хураалтад ажиллаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган оюутан залуус, цэрэг, хууль хүчнийхэн ургац хураалтад оролцож байна.
-Урд шөнө зарим нутгаар нойтон цас орлоо. Цаг агаарын таагүй байдлаас болж тариа налсан уу?
-Урд шөнийн нойтон цас, хүйтрэлийн тухайд Сэлэнгэ аймгийн баруун урд хэсгээр, Төв аймгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас ороод, хайлж байна. Тэгэхээр маргааш, нөгөөдрөөс эхлээд ургац хураалтын ажил жигдэрнэ. Өнөөдрийн байдлаар тариалангийн бүс нутгуудаас тариа налсан гэх мэдээ ирээгүй.
-Болц хэр оройтохоор байна. Тариаланчид ангилан хадалт хийж байна гэх юм?
-Өмнө нь энэ тухай хэлж байсан. Энэ жилийн тухайд ургац хураалт 10 гаруй хоногоор оройтож байгаа. Энэ байдалтай холбоотой тариаланчид ангилан хадалтаар ургац хураалтаа эхлүүлсэн байна. Тэгэхээр ангилан болон шууд хураалтын ажил 15 хувьтай байна.
-Ургац хураалт 10 гаруй хоногоор оройтох нь буудайн чанарт нөлөөлөх үү?
-Бүс нутгаасаа хамаараад өөр өөр байна. Баруун бүсүүдэд ургацын чанар сайн, Дарханы хойд хэсгээр улаанбуудай жаахан чийгтэй байна. Тэгэхээр баруун тийшээ тариаланчид шууд хураагаад гурилын үйлдвэрүүддээ буудайгаа тушааж байгаа бол зүүн талын тариаланчид ангилан хадалт хийж байна. Бид нийт 589 мянган тонн улаанбуудай хурааж авна. Ингэхдээ цаг агаараас үүдэлтэй эрсдлээ тооцоод буудайн хэрэгцээгээ 100 хувь хангана гэсэн урдчилсан бланс гаргасан. Ер нь аравдугаар сарын 20 гэхэд ургац хураалтын ажил бүрэн дуусдаг. Энэ жилийн тухайд ургац хураалтын ажил 10 гаруй хоногоор хойшилж байгаа учраас арваннэгдүгээр сарын 1-н гэхэд дуусах болов уу.
-Хөдөө аж ахуй, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлсөн нь ургац хураалтад тустай ажил болсон болов уу. Өнөөдрийн байдлаар хэчнээн машин, техник гаалиар орж ирсэн бэ?
-Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр өнөөдрийн байдлаар 50 орчим комбайн шинээр орж ирсэн. Тоног, төхөөрөмж, техникийн хүчин чадал цаашид ч мөн нэмэгдэнэ. Ингэснээр ургац хураалтын ажилд тодорхой ахиц гарна гэсэн үг.