Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээний жишиг үнийн жагсаалт шинэчлэгджээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллын хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 16 дугаар тогтоол энэ онд батлагдсан билээ. Тус тогтоолоор ямар өөрчлөлт оруулсан тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ундрамтай ярилцлаа.
-Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрх хэрхэн үүсдэг вэ?
-Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх рашаан сувилалд эмчлүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй” гэж заасан байдаг. Үйлдвэрлэлийн ослоос болж, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш алдсан хүмүүс нөхөн сэргээх төлбөр авах эрхтэй болно.
-Сүүлийн дөрвөн жилд нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөрийг хэчнээн хүнд олгосон бэ?
-Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөрийг 2016-2020 онд 94 иргэнд олгож 98,6 сая төгрөгийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зарцуулсан байна.
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээний жишиг үнийн жагсаалтыг ямар үндэслэлээр шинэчлэх болсон бэ?
-2013-2020 онд инфляци дунджаар зургаан хувиар өсөж, үнийн тогтвортой байдал 2013 оноос хойш жил бүр тодорхой хувь, хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Улсын үйлдвэрийн хувьд жил бүр тендер зарладаг бөгөөд валютын ханшын өсөлтөөс хамаарч авч байгаа түүхий эд, бараа материалын үнэ нэмэгдэж байгаа тул зарим бүтээгдэхүүний үнийг шинэчлэн нэмж тусгах шаардлагатай болсон.
Мөн нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедны болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг Засгийн газрын 2020 оны 193 дугаар тогтоолоор шинэчлэн баталсантай холбогдуулж гаргасан. Дотоодод үйлдвэрлэдэг 30 гаруй нэр төрлийн хэрэгслийн инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгааг хийж, жишиг үнийг нэмэгдүүлсэн.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдаг даа. “Зайлшгүй шаардлагаар мэргэжлийн /гэмтлийн/ эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээг гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээний жишиг үнийг баримтлан олгож болно. Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ буюу протез, ортопедны жишиг үнийн жагсаалтыг эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан байдаг. Энэ дагуу баталдаг.
-Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээний төлбөр олгох асуудлыг ямар хуулиар зохицуулдаг вэ?
-Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ буюу протез, ортопедыг хийлгэх төлбөр олгохтой холбогдсон харилцааг зохицуулдаг.
-Хиймэл эрхтэн, засал эмчилгээний төлбөр олгоход ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Төлбөр авах даатгуулагч дараах баримт бичгийг бүрдүүлж оршин суугаа газрын харьяа Нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Үүнд, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон тухай акт, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, даатгуулагчид протез, ортопед хийх талаар мэргэжлийн эмнэлэгээс дүгнэлт авчирна. Тухайлбал, Гэмтэл согог судлалын болон Сэргээн засалтын клиникийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөс гаргасан дүгнэлт, протез, ортопед хийх эмнэлгийн байгууллага болон протезийн үйлдвэрээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэл зэргийг бүрдүүлэх юм.
-Хиймэл эрхтэн, засал эмчилгээний төлбөрийг хэрхэн олгодог вэ?
-Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс даатгуулагчийн материалыг хүлээн авч үндэслэл, бүрдлийг шалгасны дараа тухайн эмнэлгийн байгууллагын нэхэмжлэлийн дагуу протез, ортопедын төлбөрийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас бэлэн бусаар шилжүүлдэг. Иргэдэд хүндрэл чирэгдэл үүсэхгүй амраар шийдсэн.
-Гадаад улсад хийлгэх протез, ортопеды төлбөрийг шинэчилсэн жишиг үнээр олгох уу?
-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд олгоно. Гэхдээ зайлшгүй шаардлагаар мэргэжлийн эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр гадаад улсад хийлгэх протез, ортопедны төлбөрийг даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас нэг удаа олгоно. Гадаад улсад хийлгэх протез, ортопедны төлбөрийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тухайн эмнэлгийн байгууллагад нэхэмжлэлийн дагуу жишиг үнийн жагсаалтыг баримтлан мөн бэлэн бусаар шилжүүлдэг.
-Хиймэл эрхтэн, засал эмчилгээний төлбөр олгох материалыг нийгмийн даатгалын байгууллага цахимаар хүлээж авах цахим систем хэзээ бэлэн болох вэ?
-Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээний төлбөр олгох материалыг цахимаар хүлээн авч төлбөр олгох цахим системийг бэлэн болгохоор нийгмийн даатгалын байгууллага ажиллаж байна. 2021 оны аравдугаар сар болон арваннэгдүгээр сард багтааж холбогдох программыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллын хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоосон. Энэ талаар тайлбарлавал?
-Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4-т “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын тусламж үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг нийгмийн хамгаалал, болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно” гэж заасан байдаг. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллын хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 16 дугаар тогтоол батлагдсан. Дээрх тогтоолын дагуу сувиллуудын хувьсах зардлын хэмжээг сүүлийн зургаан жил нэмэгдүүлээгүй тул үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын тусламж үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг нэг ор хоногт 60 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон. Ингэснээр Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж байгаа.
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрууд улсын хэмжээнд хэд байдаг вэ?
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдын хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээн засах сувиллын тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд Орхон аймгийн Эрдэнэт, Дархан-Уул аймгийн “Оюут”, Шарын гол сумын “Тулга”, нийслэлийн Багануур дүүргийн “Багануур” сувиллууд байдаг. Мөн эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан, даатгуулагчдад сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн рашаан сувиллууд эрхлэн гүйцэтгэж байна. Даатгуулагчид маань хүсэлтээ ирүүлээд хамрагдах боломжтой.
-2020 оны жилийн эцсийн байдлаар даатгуулагчийг сувилах сувиллын газрын тусламж үйлчилгээний хувьсах зардлыг хэдэн хүнд олгосон бэ?
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн сувиллын зардалд 2020 онд 2 071 хүнд, 577.4 сая төгрөг зарцуулсан байна.
-Жишиг үнийн жагсаалтыг хаанаас харах боломжтой вэ?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны вэб хуудаснаас харах боломжтой. Уг жагсаалтад 24 төрлийн эмчилгээ заслын 140 мянган төгрөгөөс 10 сая төгрөг хүртэлх жишиг үнэ тогтоосон.