НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр” болгон уриалга гарган тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд “Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тул Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдын дунд дээрх уриалгын дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аяныг өрнүүлэх дүрс, бичлэгийн уралдааныг зарлалаа.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын дунд дээрх уриалгын дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аяныг өрнүүлэхээр гар зургийн уралдааныг зарлаад байна.
Эдгээр уралдаанд оролцогчид нь
- Уриаг оновчтой, тодорхой илэрхийлж гаргасан байх,
- Заасан хугацаанд багтаах /хугацаа хоцроохгүй байх/,
- Бусад эх сурвалжаас хуулаагүй байх,
- Гар зургаа А4 цаасан дээр багтаан зурсан байх,
- Дүрс бичлэгийн уралдаанд орох бол яриа, дүрс, дуу ойлгомжтой байх,
- Гэрэл, арын дуу авиаг сайтар тохируулсан байх гэсэн шалгуураар шилдүүдээ тодруулна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.