Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага болон бие бүрэлдэхүүн МУСГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч Пунцагийн Бадарчийг хүндэтгэн хүлээн авлаа.
Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарчийн хувьд 1971-1975 онуудад хилийн 0166 дугаар ангид соёлын төвийн даргаар бага дэслэгч цолтойгоор ажиллаж, хилчдэд урлаг, уран сайхнаар үйлчлэх үүргийг гүйцэтгэж байсан юм.
Түүний “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч” зэрэг эх орон, хил, хилчдийн тухай 30 гаруй шүлэг, найраглалыг ард түмэн андахгүй мэднэ. Ийнхүү иргэдэд эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, хилчдийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж ХХБ-ын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг гардуулан өглөө.
Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын зүгээс хилийн цэргийн формын хувцсыг дэслэгч цолны хамт өгсөн юм. П.Бадарчийн хувьд тухайн цаг үеийн бага дэслэгч цолтой байсан. Өдгөө энэ цол хэрэглэгдэхээ больсон тул дэслэгч цолыг олгож байгаа юм байна.
Хилчдийн хувьд ардын уран зохиолч П.Бадарчтай халуун дотно яриа, дуу хуур, инээд наргиантай нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Хилчдэдээ зориулан хил дээр төрсөн шүлэг найраглалаасаа уншиж, хилчин явсан дурсамжаасаа хуваалцсан юм.