Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт 18,796 сонгогч саналаа өгч, 37,03 хувийн ирцтэй, 28 дугаар тойрогт 45,151 сонгогч саналаа өгч, 39.61 хувийн ирцтэйгээр энэ удаагийн нөхөн сонгуульд оролцжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “…сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан байдаг. Иймд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй нийт 131 хэсэгт нэмэлт санал хураалтыг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр явуулахаар Хорооны хуралдаанаас шийдвэр гаргав.