Санхүүжилтээ хасуулж байснаас зүрх, уушгины эмчийн үзлэг, шинжилгээгээ дүүрэгтээ хийлгээд ир гээд өвчтөнийг явуулахдаа хүрч байна

 Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2021.10.11/ Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон “Сүхбаатар” нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ удирдлага, эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонслоо.

   “Сүхбаатар” нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ 2004 оноос эхлэн бие даан удирдлагын багаар үйл ажиллагаа явуулж байгаа, 2012 оноос орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон зохион байгуулагдсан, 2020 оноос менежментийн гэрээгээр ажиллах болсон буюу сүүлийн 17 жил улсын төсвөөс санхүүжилт авахгүйгээр, бие даан үйл ажиллагаа ажиллаж буй талаараа мэдээлэл өгөв. Сүхбаатар дүүргийн 145 мянган хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тухай болон тусламж, үйлчилгээний чанар, амжилт, дэвшилтэт технологи нэвтрүүлж буй талаараа танилцуулахын зэрэгцээ хүүхдийн эндэгдэлгүй эмнэлэг болсон тухайгаа онцлов.

    Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллахад тус эмнэлгийн Эмнэл зүйн тусламж, үйлчилгээний албаны дэд захирал Ц.Ганзориг, Төлөвлөлт, эдийн засаг, маркетинг хариуцсан дэд захирал Э.Анхбаяр нарын мэргэжилтнүүд эхлээд товч танилцуулга хийж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэхийг зорьдог талаар болон гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээс хойш санхүүжилт хасагдсан, үүнээс үүдэлтэйгээр үүссэн бэрхшээл зэрэг асуудлыг танилцууллаа.

“Сүхбаатар” нэгдсэн эмнэлэг болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн удирдлагуудын танилцуулга, мэдээллийг сонссоноор ажлын хэсгийн гишүүд зарим зүйлийг эмнэлгийн болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудаас тодруулж, хариулт авав. Тухайлбал, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллах үеэрээ эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбогдуулан гүйцэтгэлээр санхүүжих болсноор эмнэлгийн санхүүжилт хасагдсан шалтгааныг түлхүү тодруулж, хоёр талын хариулт, мэдээллийг авсан.

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Мэс засал судлалын тасгийн эрхлэгч Н.Алтанчимэг, Мэдрэлийн тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа, Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Д.Батжаргал, эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч П.Дашпагма, ерөнхий мэс заслын эмч Н.Тайван нарын эмч, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийллээ.

Тухайлбал, Мэс засал судлалын тасгийн эрхлэгч Н.Алтанчимэг гүйцэтгэлээр санхүүжих болсноос хойш ерөнхий мэс заслын тасагт үүсэж буй хүндрэл, шалтгааныг тайлбарлаж, шийдвэрлэх талаар саналаа хэлэв. Хамгийн их зардал, оношилгоо, ур чадвар шаардлагатай, хамгийн их хүндрэл гардаг яаралтай мэс заслаас үүдэлтэйгээр орлого, зарлага тэнцэхгүй, зарлага давах болсон шалтгааныг тэрбээр ярив. Мэс засалд оруулах өвчтөнд зүрх, уушги, хоол боловсруулах замын эмч зэргээр багаараа нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийж, онош гаргалаа гэхэд олон эмч үзэх тусам санхүүжилт хасагдаж байна. Багаараа үзлэг, шинжилгээ хийгээд санхүүжилтээ хасуулж байснаас зүрх, уушгины эмчийн үзлэг, шинжилгээгээ дүүрэгтээ хийлгээд ир гээд өвчтөнийг явуулахдаа хүрч байна гэсэн асуудлыг тавихын зэрэгцээ зарим өвчний үйлдлийн код, оношийн кодыг даатгалын санхүүжилтэд оруулаагүй нь эмчийг онош худлаа тавихад хүргэж, хууль бус зүйл рүү түлхэж буй талаар хөндлөө. Дурангаар шинэ төрлийн хагалгаа хийхэд тухайн нэр төрлийн дурангийн хагалгааны код байдаггүйгээс санхүүжилт авч чаддаггүй, мөн өндөр өртөгтэй дурангийн мэс заслын санхүүжилтийг бүрэн авч чадахгүй учир нээлттэй хагалгаа хийхэд хүрч, их хийсэн хүн илүү цалин хөлс авна, хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг өөрчлөлт амьдрал дээр хэрэгжихгүй, харин ч санхүүжилтээ хасуулж байна гэсэн асуудлыг хөндөн, энэ нөхцөлд хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэх шаардлага байгаа талаар тэрбээр хэлсэн.

Эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонссоны дараа ажлын хэсгийн гишүүд мөн санал, байр сууриа хуваалцлаа. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хууль хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодруулахын тулд байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг бүх шатлалын эмнэлгээр явж танилцаж байна. 1000 ам.доллараар гаальд мэдүүлсэн мэс заслын багажийг худалдан авах ажиллагаагаар долоон сая төгрөгөөр авч, мэс засал хийж байгаа нь эмнэлгийн тоног төхөөрөмжийг дагасан хууль бус бизнес буйг харуулж байна. Энэ мэт байдлыг засахын тулд Худалдан авах ажиллагааны хуульд өөрчлөлт оруулах шаардлага ч харагдаж байна. Энэ намрын ээлжит чуулганаар Улсын Их Хурал хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслөө хэлэлцэн, батлахаар төлөвлөсөн. Ингэснээр хуулийн хэрэгжилтэд байнга хяналт тавьж, цаашид буруутай албан тушаалтнуудад хариуцлагыг тухай бүр тооцоод явах боломж бүрдэнэ хэмээн санал, байр сууриа илэрхийлсэн бол ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэл, хуулийн хэрэгжилт хөрсөн дээр хэрхэн бууж байна вэ, юуг нь засаж сайжруулж байж цаашид үр өгөөжтэй болгох ёстой вэ гэдгийг тодорхойлохын тулд эрүүл мэндийн шат шатны байгууллагын түвшинд уулзалт зохион байгуулж, салбарынхны санал бодлыг сонсож буй талаараа товч дурьдаад хуулийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлс, урамшууллыг нэмэх эрх зүйн орчин бүрдсэн, гагцхүү хэрэгжүүлэхэд удирдлагын, менежерийн ур чадвартай холбоотой асуудал ч байна, үйл ажиллагаанаас үүдэлтэй хуульд өөрчлөлт оруулах шаардлага ч гарч байна гэдгийг тодотгов. Тэрбээр мөн салбарын цахимжилтад тулгарч буй асуудлыг шийдвэрлэхээр  хийж буй ажлын талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ худалдан авах ажиллагаанаас үүдэлтэйгээр хуулийн хэрэгжилтийг завхруулж буй байдал, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаар санал, байр сууриа хуваалцлаа.



быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …