Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутагт арван настай хүүхдийг буудаж, амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ. Хэргийн талаар тус аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Баяржаргалаас тодрууллаа.
-Өндөр-Улаан суманд өчигдөр/ уржигдар/ харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай Ажлын хэсэг газар дээр нь очоод шалгаж байгаа. Дуудлага ирэхдээ “Сум алдчихлаа” гэсэн байдаг.
-Дуудлага яг хэдэн цагийн үед ирсэн бэ?
-Хэргийн дуудлага цагдаагийн газарт энэ сарын 13-ны 23.00 цагийн үед ирсэн. Дуудлагын дагуу манай алба хаагчид явж, хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан. Аймгийн төвөөс бүрэлдэхүүн дуудсан. Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа.
-Танайхаас явсан Ажлын хэсгээс мэдээлэл ирүүлж байна уу?
– Хэрэг гарсан газар сүлжээгүй. Тиймээс утас нь огт холбогдохгүй байна. Сумын төвийн суурин газар ирэхээрээ л холбогдогдох байх. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Архангай аймгийн харьяат 10 настай эрэгтэй Х-ын баруун нүдний доод хэсэгт нь тус сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Д гэгч буудаж амь насанд нь хүрсэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН