Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны Боловсрол, шинжлэх ухааны салбарыг холбогч гүүр болж ажиллахыг хүсээд хамтын ажиллагааны хэд хэдэн саналуудыг тавилаа.
-Монгол Улсын Засгийн газраас хоёрдогч хэлийг англи хэл болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг урьж, ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах
-Их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан “XXI зууны Монгол залуу-2100” хөтөлбөр, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтын хүрээнд гадаад улс орнуудад бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад анхаарах
-Монгол Улсад Шинжлэх ухааны паркийн суурь дэд бүтцийг хөгжүүлэхэд Америкийн Нэгдсэн Улсын туршлагаас судлах, хамтран ажиллах, техникийн хамтын ажиллагааны туслалцаа авах
-Хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдэд эзэмшүүлж буй сургалтын арга зүйгээс суралцах, багш урих, хөтөлбөр сайжруулахад хамтран ажиллах (Эрт оролцооны хөтөлбөр, Perkins school).
Америкийн Нэгдсэн Улсын санхүүжилттэй хэрэгжиж буй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөр (FLEX)-ийг үргэлжлүүлэх, сурагчдын тоог нэмэх, зэрэг ажилд хүчин чармайлт гаргаж ажиллахыг Элчин сайд Ө.Батбаяраас хүслээ.
Өнөөдрийн байдлаар АНУ-д 2972 Монгол оюутан суралцаж байна.