Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг “Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК Монголд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор тус үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр энэхүү үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав.
Шинэ нисэх онгоцны буудлыг зорьж буй болон нисэх буудлаас хот орох зорчигчдод тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх юм. Ингэхдээ “Шангри-Ла”, “Блю Скай”, “Ибис Стайлс Улаанбаатар” /ibis Styles Ulaanbaatar Hotel/, “Баянгол”, “Чингис”, “Рамада”, “Туушин”, “Кемпински” зэрэг томоохон 10 зочид буудал руу зорчигч үйлчлүүлэгчдийг тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган ажиллаж буй юм.
Түүнчлэн үйлчилгээний соёл, техникийн бэлэн байдал, аюулгүй найдвартай ажиллагаа, зам тээврийн хөдөлгөөний соёлыг хэвшүүлж, олон улсын стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагаа өдөрлөгийн үеэр онцоллоо.
“Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК болон “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх /тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл”-ийн хэрэгжүүлэгч юм.