Э.Хонгорзул: Эцэг, эхтэйгээ чөлөөтэй, нээлттэй харилцаж чаддаг хүүхэд СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ЭРҮҮЛ байдаг

Дөрөв орчим жилийн өмнө “Өсвөр насны хүүхдийг ойлгоё, дэмжье, зөв харилцъя” зорилготой  “Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дэмжих бүлгийн уулзалт”-ыг мэргэжлийн сэтгэл зүйч нар зохион байгуулах гэж байгаа тухай зарыг хараад би тэр уулзалтад шууд очсон юм.

Тухайн үед дүү маань 13 настай байсан бөгөөд зан ааш нь тогтворгүй болж, ойлголцоход тун төвөгтэй байлаа.  40 гаруй настай, дээр нь жирэмсэн байсан ээж маань ч дүүтэй ойлголцож чадахгүй, уур бухимдлаа барж байв.

Одоо дүү маань 17 настай бөгөөд, тухайн уулзалтад очиж мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, өсвөр насны дүүгээ илүү их ойлгож, ярилцах болсон нь бидний харилцаанд тун эерэгээр нөлөөлж, гайхалтай үр дүнг үзүүлсэн юм. Тиймээс зөвлөгөөг дэлгэрүүлэн ярилцаж, өсвөр насны хүүхдийн онцлог, сэтгэл зүйн хэрэгцээ, орчин үеийн хүүхдүүдийн ялгаатай байдал, тэдэнтэй хэрхэн харилцах талаар сэтгэл судлаач  (бихевиор судлаач) Э.Хонгорзулын зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

– Эцэг эхийн харилцаа өсвөр насны хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ. Энэ насныхны сэтгэл зүйн хэрэгцээ нь юу вэ? 

-Хүүхэд эцэг эхтэйгээ ярилцахыг, тэврүүлэхийг, үнэсүүлэхийг, өөрсдийг нь сонсож ойлгохыг, хайрлуулж, энхрийлүүлэхийг хүсдэг. Өнөө цагт ихэнх эцэг эхчүүд үр хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангахад түлхүү анхаарч, ажиллаж хөдөлмөрлөөд “чанартай цаг”-ийг хүүхдэдээ зарцуулахаа больсон. Мөн эцэг эхчүүдийн дунд өсвөр насны хүүхдээ биеэ даасан гэж үзэж харилцаагаа “хөндийрүүлэх”  хандлага ч түгээмэл байдаг. Гэтэл хүүхэд бага насандаа авч байсан тэр тааламжтай мэдрэмжийг авч байхыг хүсдэг. 

“Хэрэгтэй утсыг нь, гутлыг нь, хувцсыг нь аваад өгчихлөө гээд сэтгэл хангалуун байж болох ч энэ нь хүүхдийн “харилцааны дутагдал”-ыг нөхөж чадахгүй. Тиймээс хүүхдээ хайрлаж, халамжлан дээрх хэрэгцээ, хүсэлд нь анхаарах хэрэгтэй.” 

Өсвөр насны хүүхэд, гэр бүлийн харилцааг судалсан судалгаанаас харахад  хүүхдүүд эцэг эхтэйгээ тааламжтай харилцах эсэх нь түүний манлайллын сэтгэл зүйд нөлөөлдөг болохыг тогтоосон. Аав ээжтэйгээ нээлттэй чөлөөтэй харилцдаг хүүхдүүд ирээдүйд манлайлагч, удирдагч болдог. Ангидаа нэр хүндтэй, сурлагын чанар эерэг байдаг. Хүрээлэл дундаа “гэрэлтэж” явдаг. Учир нь сэтгэл зүйн байдал нь гэр бүлийн харилцаатай их хамааралтай. Гэтэл аав, ээжтэйгээ  түвэгтэй харилцаатай байдаг хүүхэд амжилт гаргах магадлал бага байдаг. Хүчирхийлэлтэй гэр бүлд амьдардаг, аав ээж нь ажлын ачаалалтай байдаг хүүхэд хэнд хандахаа, хэрхэн ярилцахаа мэддэггүй. Тиймээс энгийн зөвлөгөө өгөхөд, хэрвээ та хүүхэдтэйгээ ярилцдаггүй бол өнөөдрөөс өдөрт 30 минутыг “хүүхдэдээ” зарцуулаарай. Хүүхдээсээ өдрөө хэрхэн өнгөрүүлсэн, найзуудтайгаа юу хийсэн, сургуулиар нь ямар сонин сайхан байгааг сонирхон сонсоорой. Хүүхдэд тань сурч мэдсэнээ ярих нь чухал биш, хүүхэдтэйгээ ярилцаж байгаа гэдэг нь л маш чухал.

-Нас насны сэтгэл зүйн онцлог өөр байх. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог юу вэ. Эцэг эхчүүд “миний үед” гэж хэлэх их дуртай санагддаг. Орчин үеийн хүүхдийн сэтгэл зүйн онцлог эрс ялгаатай байх ? 

-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй маш тогтворгүй, туйлбаргүй байдаг. Тиймээс мансууруулах бодис, архи тамхины хэрэглээний талаар өсвөр насны хүүхдүүдтэй илүү тулж ажиллах шаардлагатай гэж боддог. Нас бие гүйцсэн, хорт зуршлын талаар тодорхой байр суурьтай болсон  хүнээс  тэс өөр. Орчин үед ч гэлтгүй, үе үед л эцэг эхчүүд хүүхдэдээ шаардлага тавихдаа өөрийн бага насны амьдрал, өсөж хүмүүжсэн арга барилаараа хандаж, үзэл бодлоо тулган хүлээлгэх байдлаар илэрхийлдэг нь өсвөр насныхны зүгээс эсэргүүцэлтэй тулгарч эцэг эх, хүүхэд хоорондоо зөрчилддөг тохиолдол бий. Нийгмийн хөгжлийг дагаад энэ бүхэн өөрчлөгддөг. Жишээлбэл, орчин үеийн хүүхдүүдийн хэрэгцээ өмнөх үеийнхээс өөр. 1990 онд өсвөр насныханд энгийн л зүйлс хэрэгтэй байсан. Өвөл өмсөх гутал, малгай ороолт гэх мэт. Өмнөх үеийнхэн аав ээждээ туслаад, гэртээ дүүгээ хараад, үеийнхэнтэйгээ тоглоод эв зүйгээ ололцоход л сэтгэл зүйн хувьд ачаалал багатай байх нөхцөл боломжтой. Тэр үед үнэтэй гар утас, компьютер хэрэгтэй байгаагүй, үнэтэй брэндийн гоёл чимэглэл хэрэгтэй байгаагүй. Тухайн үед ийм зүйлс байдаг гэдгийг ч мэддэггүй байсан болохоор сэтгэл зүй нь үүнд татагддаггүй байсан. Харин өнөөдрийн өсвөр үеийнхэнд утсаараа тоглох хэрэгцээ, найзуудтайгаа уулзаж гадуур зугаалах, нийгмийн сүлжээнд өөрийгөө илэрхийлэх зэрэг олон хэрэгцээ үүссэн. Энэ бүх хэрэгцээг хянах нь хэцүү. Тиймээс энэ бүхнийг бага наснаас нь эхэлж ухамсартайгаар ойлгуулж, хэвшүүлэх хэрэгтэй. 

 -Тэгвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ ялгаатай байдал, сэтгэл зүйн онцлогт хэрхэн тохируулан харилцах вэ. Юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?

-“Аав ээж нь хүүхдийнхээ даган дуурайх, үлгэрлэл авах хүн нь байх хэрэгтэй.” 

Орчин үед өсвөр насныханд мансууруулах бодист донтолт тулгараад буй томоохон асуудлын нэг болж байна. Хүмүүсийн хангагдаагүй мэдрэмж нь донтолт үүсгэдэг. Асуудалгүй хүн аливаа зүйлд уруу татагдахгүй, асуудалгүй бол донтолтод өртөхгүй. Дутуугийн мэдрэмжтэй, тэр мэдрэмжийг юугаар нөхөх вэ гэдгээ мэдэхгүй байна гэдэг  хүүхдэд асуудал болдог. Хүүхдийн төлөвшил эцэг эхээс нь ихээхэн шалтгаалдаг. Жишээлбэл гар утсанд донтож байна. “Чи гар утас хэрэглэхээ боль, энэ хүүхэд байнга утсаа “маажиж” байх юм”  зэргээр хүүхдээ зэмлэчхээд өөрөө нүдэн дээр нь байнга утсаа оролдож байвал та хүүхдэдээ ямар ч үлгэр дуурайлал болохгүй байна гэсэн үг. Хүүхэд аав ээжийнхээ зөвшөөрөөгүй үйлдлийг нууцаар хийж эхэлдэг. Ариун цэврийн өрөөндөө орж утсаа оролдох, нуугдаж утсаараа тоглох зэрэг үйлдлийг хийж эхэлдэг. Энэ нь хүүхдийг ганцаардмал, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгодог. Эсвэл чи утас хэрэглэж болохгүй гэж хатуу хяналт тавиад, гэр бүлийн бусад гишүүд утсаа ашиглаад байвал хүүхдэд өөрийгөө гэр бүлийн гишүүн гэж мэдрэх мэдрэмжид нь сөрөг нөлөөтэй. Та хүүхдээ ямар байлгамаар байна, өөрөө яг тийм л байх нь зөв байх. Бас нөгөө талдаа тулгамдсан асуудлыг даван туулах боломжийг хүүхдэд өөрт нь олгох хэрэгтэй санагддаг Хүүхдээ хэт бөөцийлөх, түүний асуудлыг өмнөөс нь шийдвэрлэх нь хүүхдийг сэтгэлийн тэнхээгүй болгодог. Эцэг эхчүүд анги дээр нь болсон асуудал, хэн нэгэн түүнийг шоглох зэргийг хүндээр хүлээн авч өмнөөс нь шийдвэрлэх тийм ч зохистой биш. Хүүхэд даван гарах ёстой бүхнээ тэр цаг хугацаанд нь өөрөө туулаад явах хэрэгтэй санагддаг. Үеийнхэндээ шоглуулдаггүй, үеийнхэнтэйгээ маргалдаж үзээгүй өсвөр насны хүүхэд байдаггүй. Харин энэ л үеийг даван туулах нь хүүхдэд сэтгэл зүйн чадвар, тэнхээ болж суудаг байх гэхдээ мэдээж энэ байдал нь хэр зэрэг анхаарал татахаар вэ гэдгийг байнга анзаарч байх хэрэгтэй санагдсан. Амьдралд нь тулгамдсан асуудал бүрийг эцэг эх нь насан туршдаа шийдэж өгөхгүй. Тухайн хүүхэд насанд хүрнэ. Энэ үед ч нийгмийн харилцаанаас болж хямарч болно. Өмнө нь өөрөө асуудлаа шийдвэрлэж байгаагүй бол бас л хэцүү санагдана, эцэг эхээсээ тусламж авсаар л байх болно.

 -Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

familycenter.mn

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …