Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс болон МҮХАҮТ-аас бизнесийн тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагуудыг дархлаажуулалтын аянд нэгдэж нийт ажилтан, албан хаагчид, үйлчлүүлэгч, харилцагчдаа нэмэлт гуравдугаар тунд идэвхтэй хамруулахыг уриалж байна.
Энэ хүрээнд МҮХАҮТ, “Наран фүүдс” ХХК-ийн хамт олон нэмэлт тундаа хамрагдаж, эдийн засгаа эрчимжүүлэх уриалгад нэгдэн гуравдугаар тунгаа хийлгэлээ.
Нийслэлийн хэмжээнд нэмэлт гуравдугаар тунгийн хамрагдалт 22 хувьтай байгаа бөгөөд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх нэмэлт тунд бүх нийтээрээ хамрагдах нь чухал байна. Нэг байгууллага, аж ахуйн нэгжийн 50-аас дээш хүн дархлаажуулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлбэл явуулын баг тухайн байгууллагад очиж нэмэлт тунг хийх боломжтой аж.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Дэлхий дахинд коронавируст цар тахлыг даван туулахын тулд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэйг уриалж байгаа. Манай улсын хувьд эхний хоёр тунгийн вакцинжуулалтын идэвх өндөр байсан бол одоо дархлаа сэргээх нэмэлт тундаа маш яаралтай хамрагдах шаардлагатай байна. БНХАУ-тай хиллэж буй боомтуудыг нэн яаралтай нээлгэхийн тулд халдварын тархалтыг бууруулан, нийтээрээ гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Тиймээс МҮХАҮТ-ын гишүүд болон нийт бизнес эрхлэгч, худалдаа үйлчилгээний байгууллагуудад ажилтнуудаа нэмэлт гуравдугаар тунд хамруулахыг уриалж байна. Ингэснээр эрүүл мэнд болоод эдийн засгаа хамгаалж, бизнесээ ямар нэг хязгаарлалтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэх юм” гэлээ.