Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагтай хамтран Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг форумд оролцож буй ОХУ-ын сэтгүүлчдийн төлөөллийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хоёр орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтарсан форум зохион байгуулж байгаа 2 талд талархал илэрхийлье.
Монгол Улсад орчин цагийн сэтгүүл зүйн салбар үүсч хөгжихөд Оросын соёл боловсролын нөлөө их байсан. Сэтгүүлчдийн нэгэн үе ОХУ-ын их, дээд сургуулиудад мэргэжил эзэмшсэнд талархаж байна.
Манай хоёр орны харилцаа нэгэн зууны турш тасралтгүй хөгжиж, стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн нь иргэд хоорондын найрсаг харилцаа, нөхөрлөл хамтын ажиллагааны гол үнэ цэнэ юм. Найрамдалт харилцааны шимийг ард иргэддээ хүртээх, уламжлалт харилцаагаа шинэ зуунд үргэлжлүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг чухал.
Сэтгүүлчдийн бодит, үнэн зөв шуурхай мэдээлэл нь хоёр орны хамтын ажиллагаа, ард түмний харилцан итгэлцэл ойлголцлыг шинэ түвшинд гаргахад чухал үүрэгтэй” хэмээн онцлон тэмдэглээд Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
ОХУ-ын сэтгүүлчид УИХ-ын даргаас Монгол-Оросын харилцааны түүхэн 100 жилийн ач холбогдол болоод Монгол-Оросын хоорондын худалдааны эргэлтийг хэрхэн нэмэгдүүлэх талаар асууж, хариулт авсан юм.
Тухайлбал, Монгол, Оросын харилцаанд парламентын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Энэ харилцааг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой гэж Та үзэж байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хууль тогтоох байгууллагуудын харилцаа амжилттай хөгжиж байна.
Харилцан айлчлал тогтмолжиж, парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа идэвхжиж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ард түмнээ төлөөлөх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх талаар харилцан туршлага солилцож байна. Энэ харилцааг илүү үр өгөөжтэй болгож, шинэ түвшинд гаргахын төлөө ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөл, Төрийн Дум, Монгол Улсын Их Хурал нягт хамтран ажиллах болно.
Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд маргаашаас ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дэд дарга Константин Иосифович Косачев манай улсад айлчлах гэж байна. Энэ айлчлал парламент хоорондын хамтын ажиллагааг урагшлан хөгжүүлэхэд шинэ алхам болно гэдэгт итгэлтэй байна” гэж хариуллаа.
Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд “Засаглалын хувьд манай хоёр орон ялгаатай. ОХУ Ерөнхийлөгчийн, манайх парламентын засаглалтай. Монгол Улсын Үндсэн хуульд “төрийн эрх барих дээд байгууллага нь Монгол Улсын Их Хурал мөн” гэж заасан байдаг. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бүхий л асуудлуудыг парламентуудаар хэлэлцэж, шийдвэр гаргадаг. Тиймээс парламент хоорондын хамтын ажиллагаа аль болох өргөн хүрээнд, харилцан бие биенээ дэмжсэн, ойлголцол зөвшилцлийг эрхэм болгосон, илүү нягт хэлхээ холбоотой байх нь чухал ач холбогдолтой” гэж нэмж хэллээ.
“Өнөөдрийн Орос” олон улсын төслийн төвийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Е.Ю.Толстогузова худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар асуулт асуусан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд асар их боломж, нөөц бий. Түүнийг бид бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. 1990-ээд онд манай улсын экспортын 80 орчим хувийг ОХУ эзэлдэг байлаа. Энэ хэмжээ одоо 1.0 хувьд ч хүрэхгүй болсон байна.
Монгол Улс, ОХУ-ын гадаад худалдаа 2020 оны байдлаар 1.5 тэрбум ам.доллар, үүнээс Монгол Улсын экспорт 50.0 гаруй сая ам.доллар болж, манай худалдааны баланс -1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа юм.
Үүнийг өөрчилж, гадаад худалдаанд тэнцвэр тогтоох, тарифын болон тарифын бус элдэв хориг саадыг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, замаар харилцаагаа эдийн засгийн салбарт илүү идэвхжүүлэх нь чухал байна гэж хариулсан юм.
Түүнчлэн “Комсомольская правда” радиогийн сэтгүүлч Е.А.Дмитриева “Та Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль буюу одоогийн Байгалийн улсын их сургуулийн төгсөгч. Оюутан ахуй цагаа дурсана уу. Боломжтой бол орос дуу дуулж сонирхуулаач” гэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Өнгөрсөн зуунд ЗХУ болон ОХУ-ын их, дээд сургуулиудыг нийтдээ 70 шахам мянган монгол залуус суралцан төгссөн. Миний бие тэдний нэг болж, өдгөөгийн Байгалийн улсын их сургуульд суралцсан оюутны он жилүүдээ ямагт сайн сайхнаар санан дурсдаг. Манай сургууль монголчуудын хувьд маш алдартай сургууль. Монгол төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, төрийн томоохон зүтгэлтэн Д.Моломжамц, Ерөнхий сайд асан Д.Содном, академич Б.Ширэндэв нарын зэрэг олон алдар суутай хүмүүс энэ сургуулийг төгссөн байдаг юм. Монгол Улсын Сангийн сайд гэхэд 10, Монголбанкны ерөнхийлөгч 5 хүн төгссөн” гээд, А.С.Пушкиний
“Агшин зуурын үзэгдэл мэт
Аргагүй сайхны суу мэт
Анхил чамайгаа олж үзсэн
Алтан хурмыг би дурсдаг… гэсэн шүлгийн мөрүүдийг оросоор уншиж сонирхуулав.
Тэрбээр “Энэхүү шүлгийг орос хэлний багш Кузнецова маань цээжлэх даалгавар өгөхөд би тэр дор нь цээжлээд уншиж өгч билээ” хэмээн дурсав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.