Соёлын яамнаас 11 дүгээр сарын турш хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо” сэдэвт соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10:00-15:00 цагт зохион байгуулах гэж байна.
Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнөөр, Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Соёлын яамнаас баримталж буй бодлого болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар салбарын залуучууддаа дэлгэрэнгүй танилцуулна.
Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэхийн зэрэгцээ олон улсын болон манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн сайн туршлагыг хэлэлцэнэ.
Соёлын салбарын Залуучуудын зөвлөгөөнд Соёлын яамны залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, яамны харьяа байгууллагууд болон соёл, урлагийн төрөл чиглэлүүдэд байгуулагдсан салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн удирдлагууд, тэргүүлэгчид, гишүүд мөн аймаг, нийслэл, сум, дүүрэг, хилийн чанад дахь соёлын салбарын залуучуудын төлөөлөл бүхий 2100 гаруй залуучуудыг цахим болон танхимаар оролцуулахаар төлөвлөж бүртгэлийг эхлүүлжээ.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо” сэдэвт соёлын салбарын залуучуудын зөвлөгөөнд оролцогчдын бүртгэлийг 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл авах бөгөөд салбарын залуучууд та бүхэн 77114147, 89004147, 99004147 дугаараар холбогдож зөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгэлдээ хамрагдах боломжтой юм байна.