Монгол Улс 2021 оны 10 дугаар сарын 1-нээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд болж буй “ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд энэ хүрээнд өчигдөр Монголын Үндэсний өдөрлөгийн арга хэмжээ зохион байгууллаа.
Үндэсний өдөрлөгийн нээлтийн үеэр Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч Т.Дүүрэн, Дубай Экспо-гийн Ерөнхий комиссарын ажлын албаны дарга Нажийб Мухаммад Али нар үг хэлэв.
Монголын Үндэсний өдөрлөгийг Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн далбааг мандуулж, Монголын нүүдэлчин соёл иргэншил, өнө эртний давтагдашгүй түүх, зан заншил, уламжлалыг харуулсан уртын дуу, хөөмий, хөгжмийн үзүүлбэр зэрэг давтагдашгүй ур хийц бүхий ардын урлагийн бүтээлүүдийг үзэгчдэд толилуулав.
Дэлхийн үзэсгэлэнгийн түүхэнд анх удаа оролцогч улс бүр “Opportunity, mobility and sustainability” сэдвийн хүрээнд өөрийн түүх, соёл, технологийн хөгжлийг харуулсан павильон тохижуулж оролцож байгаа бөгөөд Монгол Улс тус сэдвийн хүрээнд өөрийн павильоноо тохижуулж, аялал жуулчлал, байгаль орчин, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгалыг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба боломжуудыг сурталчлан, үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээжийг дэлгэн тавьсан юм.