Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэх үед 10 хоногийн хугацаатай тусгаарлана. Тусгаарлалтын зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд тусгаарлалтад байх хугацаанд 2 удаагийн ПСР шинжилгээ авна.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг 17 нэр бүхий зочид буудлыг түшиглэн тусгаарлах бэлтгэлийг хангууллаа. Үүнд: Кентавр, Наранбулаг, Зүчи, Мөнххустай, Тайж, Амар, БиЖи, Намуун, Монголика, Альфа, Ворд Монголиа, Багабаян цогцолборт хоногийн 0-3 насны хүүхэд төлбөргүй, 04-16 насны хүүхэд 50,000 төгрөг, 17-оос дээш настай бол 100,000 төгрөгийн үнэтэй тусгаарлана.
Тухайн иргэд өөрийн хүсэлтээр Кемпенски, Туушин, Новотел, Ибис Стайлс Улаанбаатар, Рамада зэрэг нэмэлт төлбөртэй зочид буудалд тусгаарлагдаж болно гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.