Шинэ менежментийн дагуу айл өрх бүрийг хог хаягдал хийх зориулалтын уутаар үнэгүй хангах бол аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү уутыг худалдан авах юм. Гэхдээ хогны уутаар хангах ажлыг эх орны үйлдвэрлэлийг дэмжих замаар холбогдох хууль тогтоолд нийцүүлэн зохион байгуулж ажиллах юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг 05:00 цагаас 21:00 цаг хүртэл 2 ээлжийн зохион байгуулалтаар тогтмол, тасралтгүй цэвэрлэж эхлээд байна.
Мөн зуслангийн ам бүр дээр 2 эко ажилтан ажиллуулахаар болж энхүү эко ажилтан нь орчин тойрноо цэвэр цэмцгэр, хоггүй байлгах, ил задгай тархсан хог хаягдлыг түүж цэвэрлэх, хогийн цэг дээр ил задгай хог шатаалгахгүй байх үүргийг хүлээн ажиллана. Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлж эхэлснээр хотын үйлчилгээ сайжран, байгаль орчны бохирдол, агаарын тоосжилт тодорхой хувиар буурч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрднэ гэж албаныхан онцолж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.