МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн санаачилгаар “Executive summit-2021” гүйцэтгэх дээд удирдлагуудын уулзалт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд компанийн гүйцэтгэх дээд удирдлагын түвшинд ажиллаж байгаа 200 гаруй захирал, менежер оролцож, “Бидний хүч-Үндэсний ялгарал” үзэл санаанд нэгдэв.
Уулзалт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн “Их сэргэлт” үндсэн илтгэлээр эхэлсэн бөгөөд шинэ хэвийн байдалд дасан зохицоход бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо чухал гээд “Их сэргэлт”-д хувийн хэвшил, бизнесийн манлайллаар хамтдаа хүрцгээе гэж уриалсан юм.
Эрс өөрчлөгдөж буй ирээдүйд манлайлагчид хэрхэн дасах зохицох талаар МакКензи компанийн зөвлөх Ж.Тана танилцуулахдаа Шинэ хэвийн нөхцөлд гүйцэтгэх захирлуудын баримтлах нэн тэргүүний 5 зорилт бол:
- Тогтвортой стратегид төвлөрөх
- Үүлэн технологийн хувьсал
- Маргаашийн авьяас, чадварыг хөгжүүлэх
- Хурдтай ажиллах
- Зорилгоор удирдах гэлээ.
SICA ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг “Монголчуудын соёл, монгол хүний зан төлөвийн судалгаа”-ны урьдчилсан дүнг танилцуулав. Энэхүү судалгаа нь
-Бид хэн бэ?
-Бидний давуу тал юу вэ?
-Бид хэн болж болох вэ? гэх эдгээр асуултуудад хариулт эрэлхийлжээ. Судалгааны урьдчилсан дүнгээр Монголчууд гэр бүлсэг, нутгархаг, хамт олонч хандлагатай, хувийн амжилтаас илүү хамтран ажиллах, зөвшилцөлд хүрэх, даруу байхыг илүүд үздэг, тодорхойгүй нөхцөл байдлаас зайлсхийдэггүй, эрсдэлийг төдийлөн тоодоггүй, бусад орны иргэдтэй харьцуулахад богино хугацаанд төвлөрдөг, хувь хүний мэдрэмж, сонголт болон нийгмийн хэм хэмжээг ижил түвшинд авч үздэг зан төлөвтэй аж.
Арга хэмжээний үндсэн хэлэлцүүлэг “Бидний хүч-Үндэсний ялгарал” сэдвийн хүрээнд өрнөв. Үндэсний ялгарал, үнэт зүйл, нэгдмэл байдал болон үндэсний брэндингийг тодорхойлж экспортыг нэмэгдүүлж эдийн засгаа тэлэх агуулгаар ярилцсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр
- Монгол Улсын эдийн засгийн нэгдмэл байдлын индекс 40% байгааг цаашид нэмэгдүүлэх
- Эдийн засгийн сэргэлтийн гол утга учир нь дэлхийн интеграцид нэгдэх
- Монгол хүний бүтээмжийг нэмэгдүүлэх
- Зөвхөн ашиг сонирхлын төлөө бус нийтийн сайн сайхны төлөө нэгдэх
- Соёлыг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
- Үндэсний үнэт зүйлээ тодорхойлж, үндэсний брэндингээ зөв хийхэд хувийн хэвшлийн манлайлал чухал гэсэн саналуудыг панелистууд хэлж байлаа.
Өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж буй технологийн салбар, дижитал эрин үеийн талаар ч гүйцэтгэх удирдлагууд ярилцав. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хэрхэн хялбар хүргэх, технологийг хэрхэн оновчтой ашиглах боломж байгааг “Erxes Inc” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мэнд-Орших, “Гэрэгэ системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал нар танилцууллаа.
Түүнчлэн арга хэмжээний үеэр Хүний нөөцийн, Маркетингийн, Санхүүгийн, Гүйцэтгэх захирлуудын хэлэлцүүлэг уулзалт өрнөсөн. Уулзалт, хэлэлцүүлгүүдээс гарсан гол саналуудыг тоймловол,
Хүний нөөцийн захирлуудын хэлэлцүүлэг, уулзалт: Хүний нөөцийн салбар бол байгууллагын стратегийг хэрэгжүүлэгч юм. Компани шинэ стратегийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй байгаа ажилтнуудыг Хүний нөөцийнхөн олж, хөгжүүлж, тогтоон барьдаг. Хүний нөөцийнхний нөөц нь ХҮН байдаг. Цаашид “CHR summit-club” байгуулагдаж, асуудлаа ярилцана.
Маркетингийн захирлуудын хэлэлцүүлэг, уулзалт: Мөнгө ярьдаг салбарынхан мөнгөнөөс илүү давсан, үнэт зүйлийн талаар ярьж эхэлж байгаа нь энэхүү арга хэмжээний онцлог байлаа. Мөнгөнөөс илүү үнэт зүйлийн талаар агуулгатай ярьж буй брэндүүд дэлхийн брэнд болж чаддаг. Нийгэмд сайн сайхныг авчрах эхлэл мөн. Өв соёлоо тээсэн уран бүтээлчдээ дэмжих, брэнд бий болгох хэрэгтэй. Орчин үеийн маркетинг хүний асуудлыг шийдэхэд чиглэгдэж байна. Хамтын үнэ цэнээ бүтээж, хамтдаа хөгжих, бизнесийн ёс зүйтэй контентыг бүтээх зэрэгт санал нэгдэв.
Санхүүгийн захирлуудын хэлэлцүүлэг, уулзалт: Ковид 19-ийн хямрал нөгөө талаар компаниудад том боломжийг нээсэн сорил байлаа. Үүнийг дагаад бизнесүүд цахимд шилжиж эхэлсэн. Түүнчлэн Ногоон зээл, ногоон санхүүжилтэд компаниуд ямар үүрэгтэй оролцох талаар ярилцжээ.
Гүйцэтгэх захирлуудын хэлэлцүүлэг, уулзалт: Тогтвортой хөгжлийг эрхэмлэж бизнес загвараа өөрчлөх, богино хугацааны ашгаас болж урт хугацааны боломжоо алдахгүй байх, CEO клуб, МҮХАҮТ, Бизнес академи хамтран ажиллаж, хамтын манлайллыг бүтээх хүрээнд өрнөлөө.
Түүнчлэн “Executive summit 2021” -ийн бас нэгэн зорилго нь Монгол Улсын ТОП 10 аж ахуйн нэгжийн уулзалтаас гарсан хамтарсан тунхаг бичгийг ажил хэрэг болгоход чиглэгдэж байсан төдийгүй ТОП компаниудын санаачилсан “Бидний хүч-Үндэсний ялгарал” төслийг арга хэмжээнд оролцсон захирлууд дэмжиж, нэгдэхээ илэрхийлсэн нь уулзалтын гол үр дүнгийн нэг байлаа.
Уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Эдийн засгаа тэлэхэд хувийн хэвшлийн манлайллаар түүчээлж, идэвхтэй байх нь чухал гэдгийг тодотгоод Төр засгаа шүүмжилж, төрийн шийдвэрийг хүлээгээд суух бус шинэ санаачилгаар бизнесээ эхлүүлэх, бизнесийн оролцоо, хамтын хүчээр хөгжлийн төлөө нэгдэхийг уриалав.